Хуулийн төсөл: Цалингийн 792 мянган төгрөгийг ОАТ-аас чөлөөлнө

Г.Энэбиш
2026-05-07

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.07/ Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Эдгээрт:

  1. Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2.  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  3.  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  4.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байна.

Тус хуулиудад иргэдэд хамаарах дараах өөрчлөлтүүдийг тусгажээ

  • НӨАТ-ын босго 50 сая байсан бол 400 сая төгрөг болно
  • Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1% татвар төлнө.
  • Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө.
  • 792 мянган төгрөг хүртлэх цалингийн орлогыг ОАТ-аас чөлөөлнө
  • Орон сууцны 2 хувийн татварыг чөлөөлөх гэх мэт иргэнд шууд хамаарах өөрчлөлтүүдийг багтаажээ.

1. Татвар төлөгчдийг оноогоор үнэлдэг болно

Шинэ төсөлд “хууль даган мөрдөлтийн түвшин” гэх ойлголт шинээр орж иржээ. Ингэснээр татвар төлөлт, тайлан, зөрчил, гаалийн бүрдүүлэлт зэрэг үзүүлэлтээр иргэн, аж ахуйн нэгжийг 100 хүртэлх оноогоор үнэлж:

  • Маш сайн
  • Сайн
  • Дунд
  • Муу

гэж ангилна.

Энэ үнэлгээгээр:

  • НӨАТ төлөх хугацаа хойшлуулах,
  • Зөвлөн туслах үйлчилгээ авах,
  • Эрсдэлийн шалгалтад хамрагдах эсэх зэрэг шийдэгдэхээр тусгажээ.

Өөрөөр хэлбэл татвараа цагтаа төлдөг, тайлангаа үнэн зөв өгдөг иргэн, компаниуд илүү “найдвартай татвар төлөгч” ангилалд орно.

2. Бүх татварын мэдээлэл нэгдсэн цахим системд орно

“Татварын нэгдсэн систем” гэх шинэ ойлголт хуульд орж, бүртгэл, тайлан, төлөлт, хяналт шалгалтыг бүхэлд нь цахимжуулах зохицуулалт хийжээ.

Мөн үл хөдлөх хөрөнгө:

  • өмчлөл,
  • түрээс,
  • барьцаа,
  • худалдах гэрээний мэдээлэл

татварын байгууллагад автоматаар холбогдохоор тусгасан байна.

3. Бусдын мэдээллээр татварын эрсдэл үнэлдэг болно

Хэрэв хэн нэгэн иргэн, байгууллага:

  • татварын зөрчил,
  • нуусан орлого,
  • хууль зөрчсөн байж болзошгүй талаар мэдээлэл өгвөл

татварын байгууллага тухайн этгээдийн эрсдэлийг үнэлэх боломжтой болж байна.

4. Данс битүүмжилсэн ч цалингаа авах боломжтой болно

Одоогийн хамгийн анхаарал татсан өөрчлөлтийн нэг нь энэ.

Хэрэв татварын маргаанаас болж данс битүүмжилсэн тохиолдолд:

  • цалин,
  • нийгмийн даатгалын шимтгэл

шүүхийн зөвшөөрлөөр бүрэн эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой болно.

Энэ нь үйл ажиллагаа нь зогсдог компаниуд болон цалингаа авч чаддаггүй ажилчдад эерэг өөрчлөлт гэж үзэж байна.

5. Татварын хугацаа сунгах боломж нэмэгдэнэ

Татварын байгууллагын шаардлага, нэхэмжлэлд хариу өгөх хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай тохиолдолд нэг удаа ажлын 7 хүртэл хоногоор сунгах зохицуулалт оржээ.

6. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ

Мөн 2026 оны төсөвтэй хамт баталсан өөрчлөлтөөр иргэн бүрийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцаан олгохоор болсон.

Энэ нь

  • баримт бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх,
  • далд эдийн засгийг бууруулах,
  • иргэдийн худалдан авах чадварыг дэмжих зорилготой гэж тайлбарлаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe