Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр "Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг УИХ-д тайлагнадаг билээ. Энэ удаад 25 дахь илтгэлээ тайлагнасан юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны тайлангийн шүүх шинжилгээ ба хүний эрх бүлгээс онцлон хүргэж байна.
Шүүх шинжилгээний байгууллага жил бүр дунджаар 35 мянга орчим хэргийн газрын үзлэгт оролцож, 75 мянга гаруй шинжилгээ хийдэг бөгөөд өдөрт дунджаар 200 гаруй шинжилгээ хийгдэж байна.
Тус байгууллагт 2025 онд 49.2 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ.
Гэсэн ч орон нутгийн шүүх шинжилгээний байр болон нийт албан хаагчдын хүний эрхийн асуудал зэрэг энэ салбарт тулгамдаж буй асуудал чамгүй их байгааг Хүний эрхийн үндэсний комисс тогтоожээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүтцийг 2025 оны байдлаар 863 орон тоотойгоор баталсан бөгөөд одоогоор 748 алба хаагч, ажилтан ажиллаж байна. Эдгээрийн дийлэнх буюу 726 нь төрийн тусгай албан хаагч бөгөөд үлдсэн хэсэг нь төрийн үйлчилгээний ажилтнууд юм.
Шинжилгээний тоо тасралтгүй өсөж байгаатай холбоотойгоор нэг алба хаагчид ногдох ачаалал өндөр хэвээр байгаа бөгөөд хүний нөөц, лабораторийн хүчин чадал зарим тохиолдолд хүрэлцэхгүй байгааг тодотголоо.
Мөн алба хаагчдын дундаж цалин бусад төрийн байгууллагын алба хаагчидтай харьцуулахад доогуур ажлын эрсдэл, ачаалалтай харьцуулахад хангалтгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин орон нутгийн хувьд зарим аймаг, бүсийн шүүх шинжилгээний төв өөрийн гэсэн байргүй, стандартын шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь шинжилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
2025 оны байдлаар орон нутгуудад стандартын бусаар хүний биед хийсэн дор хаяж 1024 тохиолдол байна гэсэн тоо байгаа юм.
Хүний биед үзлэг шинжилгээ хийх орчин нөхцөлд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр гурав буюу эрсдэл өндөртэй түвшинд Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Багануур, Сэлэнгэ зэрэг аймгууд багтжээ.
Жишээ нь Өвөрхангай аймаг дахь шүүх шинжилгээний төв ямар ч зураг төсөлгүй гар аргаар баригдсан тул сэрүүний улиралд маш хүйтэн байдаг байна. Мөн хохирогчийн аюулгүй байдал болон нууцлалыг хадгалах ямар ч боломж нөхцөлгүй байна. Үүнээс гадна дотор орчин ариун цэвэр, бохирын дэд бүтцэд холбогдоогүй гэх мэт хохирогчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
Сэтгэгдэл үлдээх