Нийтийн өмчийн хуулийн төсөлд нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгажээ.
Манай улсын хэмжээнд төрөөр овоглосон буюу хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч 109 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 86 нь толгой компани, 23 охин, хараат компани бөгөөд эдгээрийн орлого, зарлагыг улсын төсөвтэй харьцуулахад, нийт орлого нь төсвийн 96 хувьтай, зарлага нь 75 хувьтай тэнцэж байна.
Гурван жилийн өмнөх байдлаар ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр 5.8 их наяд төгрөгийг төрийн өмчит компаниудаас улсын төсөвт төвлөрүүлсэн судалгаатай. Эдгээрээс таван компани л орлогын дийлэнхийг бүрдүүлдэг буюу 4.75 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин 43 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Санхүүгийн сахилга бат, хяналт, хариуцлагатай холбоотой нийтлэг зөрчлүүд гэвэл худалдан авалтын үйл явц ил тод биш, ашиг сонирхлын зөрчилтэй, өндөр өртгөөр чанар муутай худалдан авалт хийх нь элбэг, нээлттэй тендер шалгаруулалт баримтлахгүй, шууд худалдан авах сонирхол өндөртэй. Тендерийн баримт бичгийг дутуу боловсруулсан, төрийн өмчит компанийн бүтцийг оновчгүй зохион байгуулсан, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийдлээр үргүй зардал гаргасан, орлогыг бууруулж төлөвлөдөг зэрэг олон тохиолдол гарч байсан.
Нийт 7.6 их наяд төгрөгийн 264 алдаа, зөрчил бүртгэгдээд байгаа. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дөрвөн үндсэн шийдэл буюу "Нийтийн өмч" болон "бусад өмч"-ийн удирдлагыг ялгамжтай зохицуулах, өмчийн талаар шийдвэр гаргах этгээдийн тодорхой болгох, гүйлгээний зардлыг бууруулах, орон нутгийн өмчийн харилцааг тодорхой зохицуулахаар тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх