Дээд шүүх: Сургуулийн захирал хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай үүрэгтэй

Ц.Чимэдцэеэ
2026-05-07

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим сургуулийн захирлыг албан тушаалаас бууруулсан тухай маргааныг хянан хэлэлцэж, сумын Засаг даргын шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэн өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо.

Тус хэрэгт нэхэмжлэгч С.Э нь Завхан аймгийн Их-Уул сум-ын Засаг даргад холбогдуулан “сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан Б/29 захирамжийг хүчингүй болгох, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах” шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс сумын Засаг дарга сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрхгүй, мөн тухайн зөрчил сургуулийн орчинд болсон нь тогтоогдоогүй гэж маргажээ. Түүнчлэн ажлын байрны тодорхойлолт болон гүйцэтгэлийн үнэлгээний шалгуурыг өөрт нь танилцуулаагүй атлаа “үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгасан гэжээ.

Харин хариуцагч тал “сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөн үйлдлүүд удаа дараа гарсан нь захирал ажлын чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний илрэл” хэмээн тайлбарласан байна. Мөн сургуулийн үйл ажиллагааны үнэлгээ аймгийн хэмжээнд сүүлийн таван байрт орсон нь хариуцлага тооцох үндэслэл болсон гэж үзжээ.

Анхан шатны шүүхээс сургуулийн орчинд гарсан асуудлуудыг захирлын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг “хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх хангалттай үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх мөн С.Э-г ажилд нь эгүүлэн тогтоох нь зөв гэж үзсэн ч “ажилгүй байсан хугацааны олговор” олгох хэсгийг хүчингүй болгожээ. Учир нь нэхэмжлэгч өөр ажилд томилогдон ажиллаж байсан бөгөөд цалингийн зөрүү нэхэмжлээгүй гэж үзсэн байна.

Харин хяналтын шатны шүүхээс сургуулийн захирал нь зөвхөн хөдөлмөрийн гэрээний үүргээс гадна сурагчдыг эрсдэлээс хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай үүрэгтэй албан тушаалтан гэж дүгнэжээ. Улмаар С.Э энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэдгээ нотлоогүй, үүний улмаас хүүхдийн эрхийн ноцтой зөрчил дараалан гарсан гэж үзэн сумын Засаг даргын захирамжийг хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe