Ерөнхий сайд Н.Учрал болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзлаа.
Засгийн газар стратегийн ордуудын төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулж, шууд Үндэсний баялгийн санд хуваарилах тусгай хуулийг Их хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Тогтвортой, ойлгомжтой, урьдчилан тооцоолох боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бизнесийн орчныг хүндрүүлэх биш харин олон жил хуримтлагдсан тодорхойгүй байдлыг нэг мөр шийдвэрлэх нь зорилготой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 12 жилийн турш өөрчлөгдөөгүй Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, намын бүлгүүдэд танилцуулан,УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсноо мэдэгдэв.
Хуулийн төсөлд
Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ын 10 хувь хуваарилдгийг 15 хувь болгож, аймаг, сумдад шилжүүлнэ.
Хуулийн дагуу ажиллаж байгаа төслүүдэд садаа болох аливаа үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна.
60 хувийн өгөөжид ямар татвар, хураамж, АМНАТ өгөөжид тооцогдохыг хатуу хуульчилна.
Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулна.
Бүх ордод тэгш зарчим: Байршил, өмчийн хэлбэрээс үл хамааран нэг нийтлэг зохицуулалт үйлчилнэ.
Ойрын 7 хоногт Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
"Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Тохируулагч төлбөр мөн баялгийн сангийн хуримтлалын санд орно гэдгийг тодотгож өгөх хэрэгтэй.
"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Оюу толгойн овоолгыг ашиглахад АМНАТ 10 хувь байдаг бол Эрдэнэтийн овоолгыг ашиглахад 15 хувийн АМНАТ тооцож байгаа нь тэгш бус. Үүнийг адил болгох ёстой. 60 хувийн өгөөжид бүх татвар, хураамж орно гэж ойлгож байгаа. Үүнийг хуульчилж тодорхой болгох хэрэгтэй. Ачит Ихт бол баяжуулах биш, боловсруулах үйлдвэр гэх нь зөв. Манай улсын уул уурхайн салбар сүүлийн 30 жил алдаж, оносоор байгаад маш их туршлагатай болсон. Иймд заавал гаднаас биш дотоодод ч чадамжтай хөрөнгө оруулагчид зөндөө байгаа.
Бороо Голд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам: Бороо Голд ХХК бол 1997 онд байгуулагдсан, өнөөдөр 29 дэх жилдээ 704 Монгол ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй. 2007 оны УИХ-ын тогтоолоор Бороо Голд компани стратегийн ордод хамрагдсан байдаг. Тэгэхээр ямар орд стратегийн ордод хамрагдах вэ гэдгийг дахин тооцож үзэх ёстой юм шиг байна.
Алтны үнэ 1.2 г/тонн дор орсон тохиолдолд ашиггүй болдог тул стратегийн ордод хамрагдах шалгуурыг тодорхой болгох
Баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн ялгааг хуульчлах — гидрометаллургийн үйлдвэрийг дэмжих
Орон нутгийн нийгмийн хариуцлагын гэрээнд аймаг, сум аль нэгтэй байгуулахыг тодорхой болгох
Ус бохирдуулсны төлбөрийн зохицуулалтыг шинэчлэх зэрэг тодорхой саналуудыг дурдлаа.
МАК ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн: Үр ашигт татварын хэмжээ гэх ойлголт бий. Энэ талаасаа харах юм бол манай улс маш өндөр татвар авдаг. Хэрэв гаднын хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байгаа бол энэ 60 хувь гэдэг ойлголттой зэрэгцэн орших боломжгүй юм биш үү.
Адамас Майнинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Номундарь: Дэлхийд 480 гаруй атомын станц баригдахаар төлөвлөгдөж байгаа. Хятад 223, Орос 38 станц барих гэж байна. Манай компани 2001 оноос хайгуулын ажил эхлүүлсэн. Японы ЗГ-тай хамтран 100 гаруй төсөл дээр ажилласан. 2015 оноос хойг 11 жил ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүлээж байгаа. Байгаль орчны яам болон Ашигт малтмалын газрын хоорондын уялдаа холбоогүй байдал саад болж байна. Ерөнхий сайдаас асуудлыг шийдвэрлэхэд чиглэл өгөхийг хүсэж байна. Мөн 60 хувийн өгөөжтэй холбоотой гашуун туршлага бий. Фортуна Батбаяр гэдэг хүн Сангийн сайд байхдаа 68 хувийн татвар гаргаад ирсэн. Тэгэхээр ашиглах тутам алдагдалтай байдал руу орж байгаа юм. Тэгэхээр маш сайн тодорхой болгохгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцоогүй болгох нөхцөл болчхож байна.
Нүүрсний компаниудын төлөөлөл: Сангийн яамны тогтоож байгаа жишиг үнээр хэзээ ч зарж чаддаггүй. Зарим үед АМНАТ нийт борлуулалтын 30–40 хувийг эзэлдэг. Үүн дээр нэмж 5 хувь хүртэл тусгай АМНАТ авна гэдэг бол нүүрсний уурхайнууд хаалгаа барихаас өөр арга зам үлдэхгүй. Энийг бодолцож үзээрэй.
Ерөнхий сайдын байр суурь
"Яг ний нуугүй хэлэхэд энэ 60 хувь гээд байгаа чинь та нар яг сая хэлж байгаа юм. ЗГ анх удаагаа ялгаварлахгүй, тэгшхэн хандчихъя, дуусгачихъя гэж хандаж байгаа дээр бүгдээрээ нийлж саналаа өгч эцэслэчихье. Эх орноо бодоцгооё, энэ салбараа бодоцгооё. Ард түмэн ч хожих хэрэгтэй, ЗГ ч хожих хэрэгтэй, компаниуд ч тогтвортой орчинд ажиллах хэрэгтэй."
Оролцогч талуудын нийтлэгээр дэмжсэн зарчим
60 хувийн өгөөжид ямар татвар, хураамж, АМНАТ орохыг нэг мөр хуульчлах
АМНАТ-ын хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр ангилах
АМНАТ-ыг шууд иргэний хуримтлалын санд оруулах
Бүх ордод байршил, өмч, намын харьяаллаас үл хамааран тэгш зарчмаар хандах
Олон улсын хөрөнгө оруулалтад нийцсэн тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчин бүрдүүлэх
Ийнхүү компаниуд Уул уурхайн ассоциаци дээр саналаа нэгтгээд, Засгийн газартай хамт сууж, АМНАТ зэрэг асуудалд эцсийн шийдлээ гаргаад хуулиа өргөн мэдүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл үлдээх