Эрчим хүчний салбарын хоёр захирлыг хахуулийн хэргээр шүүхэд шилжүүллээ

Ц.Чимэдцэеэ
2026-05-12

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээ танилцууллаа. Энэ дунд эрчим хүчний салбарын хоёр захирал хахуулийн хэргээр яллагдагчаар татагдан шүүхэд шилжсэн байна.

Эрчим хүчний үндэсний төвийн захирал асан Д.Бямбасүрэн 5 сая төгрөгийн хахууль авчээ.

“Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-нд 5 сая төгрөгийн хахууль авсан байна.

“Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адьяа 50 сая төгрөгийн хахууль авчээ.

“Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ оны эхээр мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх гүйцэтгэл хангалтгүй, хугацаа нь дууссан “Зөвлөх үйлчилгээний” гэрээг хууль зөрчин сунгаж, үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллар буюу 9 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, дотоодын нэг компанид эдийн засгийн давуу байдал олгосон талаар АТГ-аас мэдээлсэн.

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Насантогтох Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлт ирүүлсэн өдөр нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан.  Дараа нь өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж өөртөө давуу байдал бий болгосон ба гэрээс нь 350 орчим сая төгрөг АТГ хураан аваад байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe