Индонезийн Баруун Ява муж дахь Богор бүсийн Жонгол дүүрэгт байгалийн ховор үзэгдэл тохиожээ.
Тэнгэрт туяарах уг үзэгдэл тавдугаар сарын 1-ны өдөр тохиосон бөгөөд үүнийг “үүлэн солонгорол” гэж нэрлэдэг байна.
Энэ үзэгдэл энгийн солонгоос ялгаатай аж. Бидний мэдэх нартай борооны дараа гардаг солонго борооны том дусалд нарны гэрэл ойж, хугарснаар үүсдэг.
Харин үүлэн солонгорол нь нарны гэрлийн цацраг үүлэн доторх маш жижиг усан дусал, мөсөн талстад сарниснаар өнгө өнгийн туяа үүсгэдэг байна.
Индонезийн цаг уурын байгууллагын (BMKG) мэдээлснээр үүлэн солонгорол орон нутгийн цагаар 14:00–14:30 цагийн үед ажиглагджээ. Мөн тус байгууллага үүнийг ямар нэг байгалийн үзэгдлийн аюулт дохио биш болохыг баталжээ. Яг энэ үзэгдэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Малайз улсад мөн үзэгджээ.
Сэтгэгдэл үлдээх