Шударга тав хэмээх нэрийн дор улс төрд хүч түрэн орж ирсэн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хийж буй ажил, хувь заяа маш хачирхалтайгаар давхцаад байх юм. Олон жишээг нэрлэж болохоор байна.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа эдийн засгийг тэлэх зорилгоор 14 мега төслийг дэвшүүлж байсан билээ. Энэ 14 мега төсөл шинэ зүйлүүд биш ч өмнө нь яригдаж байсан, гацсан зэрэг төслүүдийг нэгтгэж, ажил хэрэг болгохоор зорьсон нь үнэн. Харин Х.Нямбаатарын хувьд хотын дарга болонгуутаа түгжрэл, утааг бууруулах, цахилгаан дулааны хангамжийг нэмэхэд зориулж 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьсон. Үүний зургаагийнх нь гүйцэтгэгчээр Франц, Хятад, Камбож зэрэг гадаадын улсуудаас шалгарснаас хоёрынх нь гүйцэтгэгч цаасан дээрх компани байж болзошгүй, тус хоёр төсөл гацах эрсдэл өндөр байна. Энэ бол Туулын хурдны зам, ТЭЦ-5 гэсэн хоёр төсөл билээ.
Л.Оюун-Эрдэнийн хүү болон бэрийнх нь тансаглал олон нийтийн бухимдлыг төрүүлж, огцрох шалтаг нь болж байсан удаатай. Тэгвэл энэ тавилан Х.Нямбаатарыг ч тойрсонгүй. Х.Нямбаатарын охины болон тэжээдэг нохойных нь хэрэглээ олон нийтэд ил болсноор мөн л олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд байна.
Л.Оюун-Эрдэнийн хүү болон бэрийнх нь тансаглалаас болж залуус тэсэрч, “Огцрох амархан” жагсаалыг олон хоног зохион байгуулсны үндсэн дээр суудлаас нь буулгасан. Тэгвэл Х.Нямбаатар Туулын хурдын зам төсөл дээр цаасан дээрх компанийг шалгаруулсан байж болзошгүй, түүнчлэн тэр компани руугаа 500 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлаар иргэд одоо хүртэл эсэргүүцсээр байна. Үүн дээр нэмээд түүний охин, охины нохойны хэрэглээ нийтэд ил болсноор Х.Нямбаатарыг огцруулах асуудал улам хурцадсан. Үнэндээ Л.Оюун-Эрдэнийг унагаасан, Х.Нямбаатарыг унагаахаар завдаж буй энэ жишээнүүд бол зүгээр л шалтаг. Үнэндээ тэд олон жил иргэдийг доромжилсон үйлдэлдээ шангаа хүртэж байна гэж олон нийт үзэж буй.
Л.Оюун-Эрдэнэ асуудалд холбогдоод удаагүй байхдаа өвөө болж байлаа. Тэгвэл Х.Нямбаатар ч бас саяхан өвөө болжээ. Тодруулбал, түүний охин Н.Минжин саяхан ЭХЭМҮТ-д амаржсан талаар мэдээ гарсан.
Азаар ч юм уу, тохиолдлоор ч юм уу энэ мэт давхцал тэдний дунд байна. Харин нэг ялгаа байгаа нь Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгсөн, Х.Нямбаатар ажлаа өгөөгүй. Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөөд УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн бол Х.Нямбаатар сул иргэн болно. Тэд ийм л ялгаатай байна.
Хэдий Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгсөн ч намдаа ч тэр, иргэддээ ч тэр нэлээн буланд шахуулсан. Өөрийг нь тойрсон хэдэн хүнтэй л үлдэж, үгийг нь сонсох хүнгүй болсон. Ийм зүйл болсон учир нь Л.Оюун-Эрдэнэ улс төр бол явдаг, буцаад ирж болдог зүйл гэдгийг ухамсарлахгүйгээр суудалдаа хэт удааг шигдсэний хар гай. Үүний Х.Нямбаатар давтах хэрэггүй шүү дээ. Улс төрөөс зөв цагтаа явж чадвал, буцаад ирэхэд тийм ч хэцүү биш ээ.
Сэтгэгдэл үлдээх