Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг сувилагчид 1800 иргэн ногдож байна

.Админ
2026-05-12

Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16093 их эмч, 15099 сувилагч ажиллаж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214 байгаа бол  нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна.  /ҮСХ/

Эмнэлгийн орны тоо, эмч, сувилагчийн хүний нөөц тогтмол нэмэгдэж, зарим үзүүлэлт нь дэлхийн дунджаас дээгүүр түвшинд хүрсэн боловч анхан шат болон орон нутгийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн эмч, сувилагчийн дутагдал хэвээр байна. Энэ тухай ХЭҮК-ын тайлан тусад нь хэсэг болгон оруулжээ. Эмч, сувилагчийг байршлаар авч үзэхэд хөдөө орон нутагт 10,0 мянган хүнд ногдох их эмч 30.4, сувилагч 38.8 байхад Улаанбаатар хотод эмч 64 хувь, сувилагч 50.2 хувь байгаа нь хот суурин газар эмчийн нягтрал ихтэй байгааг илтгэж байна.

Олон улсын жишгээр улс орнууд анхан шатандаа 1,000 хүн амд нэг эмч, нэг сувилагч ажиллуулдаг бөгөөд тухайн эмч сувилагч нь хүн амын оршин суугаа газраас 15 минутын дотор алхаж очих боломжтой байх гэдэг зарчмыг баримталдаг байна.

Энэхүү шалгуураар авч үзвэл манай улсын анхан шатны ЭМБ-д хүний нөөц хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын 2023-2025 оны хяналт шалгалт (төлөвлөгөөт хяналт шалгалтад 1,541 эмнэлэг хамрагдсан)-аар илэрч буй нийтлэг зөрчил дутагдалд эмч, сувилагчийн орон тоо болон мэргэшлийн хангалтгүй байдал (30-70 хувь) өндөр хувийг эзэлж байна.

Тухайлбал, 96 сум, тосгоны эрүүл мэндийн төвийн 43 хувь нь төвийн зэрэглэлд тохирсон их эмч, 3 хувь нь сувилагч, 56 хувь буюу зохих орон тоогоор хангагдаагүй байна.

ӨЭМТ-ийн үйл ажиллагааны дүрэмд зааснаар 1,800 хүн амд нэг эмч, нэг сувилагч ажиллах шаардлагатай хэдий ч стандартыг хангасан байдал ойролцоогоор 50 хувьтай байна. Үүний улмаас ӨЭМТ-ийн нэг эмч, нэг сувилагчид дунджаар 1,800–2,000 иргэн, хамгийн ихдээ 3,928 иргэн ногдож байгаа нь анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлж, үйлчилгээний хүрэлцээтэй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг харуулж байна. ӨЭМТ-ийг 1,500 хүн амд нэг эмчтэй болгоход 338 эмч шаардлагатай бол, 1,000 хүн амд нэг эмчтэй болгоход 1,099 эмч шаардлагатай байгааг тооцоолжээ.

Эмнэлгийн байгууллагын хүний нөөцийн дутагдал, ажлын ачааллыг тодруулахад судалгаанд хамрагдсан 16 эмнэлгийн 194 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний нөөцийн хангалтыг үнэлэхдээ 66.9 хувь нь дутмаг, 5.9 хувь нь маш дутмаг, харин 27.2 хувь нь хангалттай гэж үнэлсэн. Харин хүний нөөцийн дутагдлыг мэргэжлээр нь тодруулахад 72.0 хувь нь сувилагч дутагдалтай гэж хариулжээ.

Сувилагчийн дутагдал илүү өндөр байгаагаас шалтгаалан эмнэлгийн ажлын ачаалал мэдэгдэхүйц нэмэгдэж, ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үйлчилгээний чанарт сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ байдал нь эрүүл мэндийн тогтолцооны хүний нөөцийн тэнцвэргүй байдлыг илтгэж байгаа бөгөөд сувилагчийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт, ажлын нөхцөлийг сайжруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

 Сувилагчийн тоо

2015 онд 11,357 байсан бол 2024 онд 15,152 болж өссөн хэдий ч шаардлагатай түвшинд хүрээгүй байна. Харин орон нутгийн сувилагчийн тоо мөн адил нэмэгдэж, 2015 онд 5,459 байсан бол 2024 онд 6,826 болж өссөн нь сум, аймаг болон анхан шатны тусламж, үйлчилгээний чадавхыг тодорхой хэмжээнд ахиулсан боловч дутагдал арилаагүй хэвээр байна.

 Ийнхүү эмч, сувилагчийн харьцааны зөрүү улам гүнзгийрч байгаагаас 2015 онд 1:1.2 байсан харьцаа 2024 онд 1:0.9 болж буурсан нь сувилагчийн хүрэлцээ дутмаг, нэг сувилагчид ногдох ажлын ачаалал өсөж буйг илтгэнэ.

Харин иргэдээс нарийн мэргэжлийн эмч, сувилагч хангалттай эсэхийг эмнэлгийн төрлөөр тодруулахад анхан шатны ЭМБ-д хангалтгүй гэж 73 хувь, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хангалттай гэж 12 хувь нь үнэлсэн байна. 2025 онд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүрээнд зохион байгуулсан 4 удаагийн давтан шалгалтын үр дүнгээс харахад их, дээд сургуулийг их эмчээр төгссөн 747 төгсөгчийн 79 хувь (588 хүн), сувилагчаар төгссөн 1,005 төгсөгчийн 60.6 хувь (609 хүн) тус тус тэнцсэн байна.

Гэвч эрүүл мэндийн салбарын статистикаас харахад туслах сувилагчийн тоо нэмэгдсэн363 ч жилд 140-208 туслах сувилагч бэлтгэж байгаа нь тавьсан зорилтдоо хүрээгүй байна.

Олон улсын түвшинд эмч, сувилагчийн харьцаа 1:3 байхыг зөвлөдөг.

  • Харин манай улсад энэ харьцаа 2024 оны байдлаар 1:09,
  • Улаанбаатар хотод 1:08,
  • Аймагт 1:1.3 байгаа нь өмнөх онтой харьцуулахад улсын дүнгээр 0.1-ээр буурсан бөгөөд
  • Хангайн бүсэд 1:1.3 байна.

Улаанбаатар хотын нэгдсэн болон төрөлжсөн эмнэлгүүдэд голлон сувилагчийн дутагдал, ажлын ачаалал хэт өндөр.  Эрүүл мэндийн ажилтнууд, түүн дотор сувилагчдын 70-80 хувь нь эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн насныхан байна. Энэ нь хүний нөөцийн хөдөлгөөнд нөлөөлөхийн зэрэгцээ сувилагчийн сургууль төгссөн залуус улсын эмнэлэгт ажиллах сонирхол багатайгаас нөхөн хангалт хийх, гэрээгээр гүйцэтгүүлэхэд хүндрэл үүсдэг байна.Иймэс салбарын нэгдсэн бодлогоор ачааллыг бууруулан,  цалин хангамжийг анхаарч сувилагчийн орон тоог хэвийн түвшинд аваачих шаардлагатай байна. Өвдсөн хүн бүрийн хамгийн чухал бөгөөд сэтгэл шаарддаг ажлын байр ийнхүү хомсдож байгаа нь эмзэг бөгөөд яаралтай анхаарах асуудал болжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe