Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж, гүтгэхийг гэмт хэрэгт тооцохыг эсэргүүцэж байна

.Graph
2026-05-12

Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөний бодит хэрэгжилт хумигдаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засаг, хууль эрх зүй, улс төрийн дарамтад өртөх нь эрс нэмэгдэж байгаад Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх Үндэсний сүлжээ санаа зовниж буйгаа илэрхийлж, уриалга гаргалаа.

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн зүгээс сэтгүүлчдийг олон нийтийн өмнө гутаан доромжлох, сүрдүүлэх, хууль шүүхийн байгууллагаас дуудах, үзлэг нэгжлэг хийх зэргээр айлган сүрдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх оролдлого нэмэгдэж байна. Ийм үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийг “өөрийгөө цензурдэх” нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм.

Энэ нь зөвхөн сэтгүүлчдийн асуудал бус, иргэдийн мэдэх эрх, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг хязгаарлаж буй ноцтой ухралт юм. Шүүмжлэлт сэтгүүл зүйг айлган мохоох орчин бүрдэх нь төрийн ил тод, хариуцлагатай байдлыг сулруулж, ардчиллын үнэт зүйлсэд заналхийлж байгааг БИД БУРУУШААЖ БАЙНА.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан суурь эрх юм. Засгийн газраас хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж,  хэлэлцүүлэхээр тогтсон нь хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг шинэчлэх боломж хэдий ч уг төсөлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах, эх сурвалжаа хамгаалах эрхийг хангалттай хэмжээнд тусгаагүй зэрэг цензур тогтоох эрсдэлтэй зохицуулалтууд агуулагдаж байгаад онцгой анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн Улсын Их Хурлаас “гүтгэх” үйлдлийг дахин эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуулийн төсөл боловсруулж буйд Үндэсний сүлжээ хүчтэй эсэргүүцэж байна. Үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой асуудлыг эрүүгийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэх нь сэтгүүлчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад айдас, дарамт үүсгэж, нийтийн ашиг сонирхлын асуудлаар шүүмжлэлт байр суурь илэрхийлэх орон зайг хумих өндөр эрсдэлтэй.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын тусгай илтгэгчид нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааныг эрүүгийн бус, иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийг улс орнуудад тогтмол зөвлөсөөр ирсэн. Гүтгэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хэт хязгаарлалт тогтоож, эрх мэдэлтнүүд шүүмжлэлийг нухчин дарахад ашиглах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын туршлага харуулж байна.

Иймд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Үндэсний сүлжээний гишүүн байгууллагууд Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хандан дараах асуудлуудад онцгойлон анхаарал хандуулахыг уриалж байна. Үүнд: 

  1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхдээ олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцүүлэх, ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөлтэй нээлттэй, бодитой хэлэлцүүлэг өрнүүлэх;
     
  2. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах аливаа зохицуулалт нь хууль ёсны, зайлшгүй шаардлагатай, пропорциональ байх зарчимд нийцсэн, тодорхой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой байх нөхцөлийг хангах;
     
  3. Үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой эрүүгийн хариуцлагын зохицуулалтыг бүрэн халж, “гүтгэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцох аливаа санаачилгыг зогсоох;
     
  4. Нэр төр, алдар хүндийн талаарх маргааныг иргэний эрх зүйн хүрээнд шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгож, олон нийтийн ашиг сонирхлын хүрээнд хийгдсэн мэдээлэл, шүүмжлэлийг хамгаалах эрх зүйн баталгааг бүрдүүлэх;
     
  5. Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бодитоор хангах;
     
  6. Мэдээллийн ил тод байдал, нууцлалын зохицуулалтын уялдааг сайжруулж, төрийн болон албаны нууцыг дур зоргоор тогтоох, мэдээллийг үндэслэлгүйгээр нуудаг практикийг хязгаарлах;
     
  7. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл хүлээн авах, хайх эрх зөрчигдсөн тохиолдолд үр нөлөөтэй, хараат бус гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх.

Мөн төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчдын зүгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, зохион байгуулалттай аливаа хууль бус оролдлогыг “хууль ёсны” нэрээр хийхгүй байхыг шаардаж байна. Ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцож, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хараат бус үйл ажиллагааг хамгаалах бодит арга хэмжээ авахыг төрийн байгууллагуудаас шаардаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe