Бейонсегийн машинд нэвтэрч, эд зүйлс хулгайлсан хэрэгтэнд хоёр жилийн хорих ял оноолоо

.Graph
2026-05-13

Бейонсегийн машинд нэвтэрч, хувийн эд зүйлсийг нь хулгайлсан хэрэгтэнд хоёр жилийн хорих ял оноожээ. 

Энэ хэрэг өнгөрсөн жил болсон бөгөөд гэмт этгээд 41 настай Келвин Эванс гэх залуу байжээ. Тэрээр өчигдөр буюу мягмар гарагт  Атлантагийн шүүхэд гэм буруугаа хүлээсэн байна. 

Келвин Эвансыг Атланта хотын цагдаагийн газраас машин дээрэмдсэн хэргээр өнгөрсөн оны есдүгээр сард баривчилж, тухайн үедээ 20.000 ам.долларын барьцаагаар сулласан байдаг. 

2025 онд дуучин Бейонсе “Cowboy Carter” хэмээх дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийсэн билээ. Атланта хотод болсон уг тоглолтын өмнө буюу долоодугаар сарын 8-ны өдөр түүний бүжиг дэглээч Кристофер Грант, бүжигчин Диандре Блю нар Jeep Wagoneer машинд хулгай орсон талаар дуудлага өгчээ. 

Цагдаагийн тайланд дурдсанаар, хулгайлагдсан хатуу дискт “watermarked” тэмдэгтэй хөгжим, цацагдаагүй дуунууд, аялан тоглолтын төлөвлөгөө бичлэг, өнгөрсөнд хийсэн болон ирээдүйд гарах дууны жагсаалтууд байжээ. Мөн дуудлага өгсөн бүжигчид түүний хувцас, нарны шил, зөөврийн компьютер, AirPods хулгайлагдсан гэж мэдэгджээ. 

Бейонсегийн  “Cowboy Carter” цомог өнгөрсөн жилийн хамгийн өндөр орлоготой аялан тоглолтоор шалгарсан бөгөөд 32 тоглолтоос нийт 407 сая гаруй ам.долларын орлого олсон юм. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe