Монгол Улсын Засгийн газрын бонд, Нийслэлийн бонд гаргаж байсан бол одоо анх удаа аймгийн буюу орон нутгийн бондын арилжааг нээлээ. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орон нутгийн анхны бонд “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг өнөөдөр (2026.05.13) “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зохион байгууллаа.
Монголын хөрөнгийн бирж дээр 2 жилийн хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,500,000 ширхэг ”Өмнөговь бонд” өрийн хэрэгслийг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр болжээ.
Эхний транчаар 150 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх арилжааны захиалгыг эхлүүлэх гэж байна.Татан төвлөрүүлсэн хөрөнгийг Даланзадгад хотын 50MBт-ын Дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулж, тайланг улирал тутам СЗХ-нд хүргүүлэхээ мэдэгджээ. Энэхүү бондын татан төвлөрүүлсэн мөнгөөр дулааны цахилгаан станцаа барьснаар Өмнөговь аймаг 3-4 дахин том хот болох боломж нээгдэнэ гэж мэдээллээ. Энэ тухай

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат:
Манай аймгийн хүн ам жилээс жилд өсч одоогийн байдлаар 83,000 иргэн, уул уурхай, бизнесийн бусад салбар, хоёр хилийн бүс, боомтод ээлжээр ирж очин ажилладаг 75,000 хүн байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнийг дагаад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот 35,000 иргэнтэй том хот болон өргөжиж байна. Үүнтэй уялдуулан удахгүй УИХ-ын шийдвэрийн дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 2026 оны 6 сараас 1-ний өдрөөс Даланзадгад хот болохоор хуульчлагдсан байгаа. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй хүн ам, үйлдвэрлэл, бизнесийн орчны ачаалалд нийцүүлэн бид орон нутагтаа Цахилгаан станц шинээр барих энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэх юм” гэдгийг онцосон юм.
Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7709 дэх удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдсэн энэхүү бондын арилжаа байв.
Сэтгэгдэл үлдээх