Сэлбэ дэд төвийг хассан гадаад зээлийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Ц.Чимэдцэеэ
2026-05-14

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг чуулганд оролцсон 99 гишүүний 62 буюу 62.6 хувийн саналаар дэмжлээ.

Энэ хууль батлагдсанаар гадаад зээллэгийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд тус тус хөрөнгө оруулах ач холбогдолтой.

Өмнө нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх нэртэй хэлэлцүүлэгдэж байсан ч стратегийн ач холбогдол бүхий төсөл биш хэмээн дүгнэгдсэн Сэлбэ дэд төвтэй хамт орж ирснээр ихээхэн шүүмжлэл дагуулж, улмаар унаад байсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль нь 2021 онд батлагдсан бөгөөд тус хуулийн 3.1-д “Энэ хуулиар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийг барьж, ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.” гэж заасан ба энэхүү хуулийн дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг 2021 онд Засгийн газрын 241 тоот тогтоолоор баталсан байдаг.

Улсын Их Хурлаас “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-тэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.0 тэрбум ам.долларын, 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 700.0 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг тус тус хуулиар соёрхон баталсан.

Энэ хүрээнд Засгийн газраас 2017 онд “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай” 59 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсугай.” гэж заасан байна

Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталж, тус хэлэлцээрийн хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг 2024 оны 11 дүгээр сард байгуулаад байна.

Гадаад төслийн зээлийн нийт ашиглагдаагүй үлдэгдэл одоогийн байдлаар 12.6 их наяд төгрөг буюу үүний 53 хувь буюу 6.7 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих мега төслүүдийн санхүүжилт байна.

Гадаад төслийн зээлийн ашиглалтыг 2025 оны түвшнөөр буюу дунджаар 1.5 их наяд төгрөг байхаар тооцвол зөвхөн уг 2 төслийг ашиглалтад оруулахад 10 гаруй жилийн хугацаа шаардагдахаар байгаа нь стратегийн 2 гол бүтээгдэхүүн болох газрын тос, цахилгаан эрчим хүчний импортын хараат байдал хэвээр байх эрсдэлийг нөхцөлдүүлж байна

Газрын тосны бүтээгдэхүүний хувьд 2024 оны байдлаар Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт 2.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон, 1.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, хугацаанд нь ашиглалтад оруулснаар зөвхөн нэг жилд 1.5 сая тонн газрын тосны 5 бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, энэ хэмжээгээр валютын гадагшлах урсгалыг бууруулах боломж бүрдэх юм.

2024 оны байдлаар баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг импортоор нийлүүлж байгаа бөгөөд үүнд жилд дунджаар 17.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжиж, усан цахилгаан станц ашиглалтад орсноор 366.0 сая киловатт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах төдийгүй жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe