Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг даргаараа сонголоо.
Түүнийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зам, тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай хэмээн санал болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувийн дэмжсэн саналаар дарга болж байна.
Ж.Бат-Эрдэнийг дарга болоход УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Энэ хянан шалгах түр хорооны шалгах асуудал нь бусад түр хороо шиг сунжрахгүйгээр хурдан шуурхай үргэлжлэх боломжтой. Ногоон автобусыг талбай дээр гаргаж тавиад бүх хүн хуучин гэдгийг нь мэдээд байхад МҮОНТ-ээр шинэ автобус байна аа гэж мэдээлж байсан. Тэнд яриа өгч байсан хүмүүс худалдан авалтад холбоотой" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хянан шалгах хуулийн дагуу түр хороо нь олон нийтэд мэдээлэл өгөх учиртай. Элдэв хулгай, хууль бус зүйлийг олон нийтэд мэдээлэх учиртай юм. Урьд өмнөх түр хороонууд олон нийтэд маш том мэдээлэл өгсөн. УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулаад ногоон автобусны хэргээр нийтийн сонсгол хийе гэхэд миний бие дэмжиж байсан. Урьд нь эрх баригч нам ийм зүйлийг дардаг байсан бол одоо ил болгодог болсон АН-ын бүлгээс санаачилсан зүйлийг дэмжиж, одоо түр хороонд ороод ажиллаж байна. Олон түмэндээ мэдээлэл өгөхийн тулд идэвхтэй, шуурхай ажиллана. Ирэх сардаа багтаад сонсголоо хийж, бүхий л талаас нь нээлттэй мэдээлэл өгнө. Мэдээллийг нуун дарагдуулахгүй, хаана хэн хууль зөрчсөнийг нээлттэй гаргана" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх