Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжил, хүртээмжтэй санхүүжилт, бизнесийн орчны чөлөөлөлтийг эдийн засгийн бодлогын гол чиглэл болгон хэрэгжүүлж байгаа талаараа Ерөнхий сайд Н.Учрал банк, санхүүгийн салбарынхантай уулзахдаа онцоллоо.
Ногоон зээлийн хугацааг 30 сараас 60 сар болгон уртасгаж, сарын төлөлтийг 40 орчим хувиар бууруулсныг зарлаж, нарны хавтан, цахилгаан автомашин, дулаалга зэрэг эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих шинэ үе эхэлж буйг мэдэгдэв.
Мөн ногоон зээл нь 4-6 хувиар хямд байх бөгөөд цаашид эх үүсвэр, бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Түүнчлэн инфляц 10.1 хувьд хүрсэн нь мах, түлш шатахуун болон зарим хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойг дурдаад, Засгийн газар нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шатахууны үнийг тогтвортой хадгалах бодлого хэрэгжүүлж буйг онцолсон.
Мөн татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд бага орлоготой иргэдийн ХХОАТ-ыг хөнгөлөх, жижиг бизнесийн татварын дарамтыг бууруулах, зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлах арга хэмжээ авч байгааг танилцууллаа.
Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдэд илүү уян хатан санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргах шаардлагатайг онцолж, банкны салбарыг эдийн засгийн өсөлт, ногоон хөгжлийг дэмжихэд манлайлан оролцохыг уриалав.
Сэтгэгдэл үлдээх