"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн захирал асан Ж.Энхжаргалангийн хэргийг прокурорт буцаав

.Graph
2026-05-15

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн захирлаас чөлөөлөгдөхдөө өөртөө 15 саяын цалин бодуулж, 210 саяын шууд гэрээ байгуулсан хэрэгт холбогдсон НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Тус хэргийг шүүх хурал яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.  Түүнийг холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан “Каар трейд” ХХК-тай 210 сая төгрөгийн гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон, эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин бодуулах, өөрийн хамаарал бүхий “Би ар Би” ХХК-ийн зохион байгуулсан үйл ажиллагааны зардалд 65,1 сая  төгрөгийг гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.11 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт (Нийтийн албан тушаалтан дураар аашлах), 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө  давуу байдал бий болгосон)-т зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлээд байсан юм.  Шүүхээс "Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийх шаардлагатай" гэж үзэн, хэргийг прокурорт буцаалаа. Мөн хэргийг хэлэлцэхдээ шүүхээс тус хэргийн шүүх хуралд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ болон Хотын дарга нарыг гэрчээр дуудахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe