Монголын анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр албан ёсоор нээлтээ хийлээ

.Graph
2026-05-15

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.  

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, төслийн гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд 30 гүний худаг гаргаж, Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, хяналт удирдлагын системийн хамт байгуулаад байна. Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх 8 дахь эх үүсвэр буюу Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том ундны усны эх үүсвэр болох юм. 

Сонгинохайрхан уулын зүүн бэлд баригдсан тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж, ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ажилдаа томилогдон орсон юм.

Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний дотор Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг товлосон хугацаа, батлагдсан төсөвтөө багтаан амжилттай хэрэгжүүлж дууслаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe