Х.Нямбаатар УИХ-ын гишүүний суудлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдож байсан нь саяхан мэт. Энэ өдрөөс хойш тэр 947 хоног нийслэл хэмээх их айлыг засаглахдаа сайнаар ч, саараар ч хэлүүлж, хэрэлдэхдээ хэрэлдэж, лайвдахдаа лайвдаж явсан. Хэрүүлч, нянбактер гэх зэрэг хоч зүүж ч явсан. Гэхдээ тэр яг ажлынхаа хувьд, Засаг даргынхаа хувьд нийслэлд яг юуг хийж бүтээв, ямар төслүүдийг эхлүүлэв, түүний шийдвэрүүд нийслэлийн иргэдэд хэрхэн нөлөөлөв, энэ 947 хоногийн хугацаанд юу болов гэдгийг элдэв хачиргүйгээр эргэн санацгаая.
Тэрээр алдарт ногоон автобусны гэх хэргийн үеэр Хотын дарга болсон. Тиймдээ ч түүний анхны ажил нь нийтийн тээврийн парк шинэчлэлт, тэр дундаа шинэ автобуснуудыг үйлчилгээнд гаргах байв. Тухайн үед шинээр авсан гэх автобуснууд хуучин автобус байж таарсан, ногоон автобусны далимаар төсвөөс хулгай хийсэн нь илэрсэн учраас шинэхэн хотын дарга Yutong үйлдвэрийн шив шинэ автобусыг БНХАУ-аас худалдан авч, 2024 онд үе шаттайгаар үйлчилгээнд гаргасан билээ. Ингээд нийслэл 74 чиглэлд 1000 гаруй автобустай болсон. Гэвч 2025 оны өвөл автобус хүрэлцэхгүй, иргэд өвлийн хүйтэнд автобус хүлээсээр байсан юм.
Энэ үеэр мөн автобусны чиглэлүүдийг өөрчлөх гэж үзсэн ч олон нийтдээ мэдээлэл өгөлгүйгээр гэнэт өөрчилснөөр олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, чиглэлийг хуучин чигээр нь байлгахаар болсон билээ.
Тэрээр өмнө нь яригдаж байсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж, нийслэлийн иргэдийн амьдралд ихээхэн нөлөөлсөн. Тухайлбал,
Түүний дараагийн ажил нь нийслэлийн утаа, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх 24 мега төсөл байсан юм. Түүнийг огцрохоос өмнөхөн энэ 24 төслийн 6-ынх нь гүйцэтгэгчээр Франц, Хятад, Камбож зэрэг гадаадын улсуудаас шалгарсан байсан. Гэтэл үүний хоёр нь цаасан дээрх компани байж болзошгүй байж таарсан. Тэр нь Туулын хурдны зам, ДЦС-5 төслүүд билээ. Одоогийн байдлаар Францын Засгийн газрын хариуцаж буй дүүжин тээврийн төсөл амжилттай үргэлжилж байна.
Тэрээр утааг багасгах гол арга нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж үзэж байсан. Энэ хүрээнд Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв зэрэг орон сууцжуулах төслийг 24 мега төсөл нэрийн дор хэрэгжүүлсэн. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 158 га талбайд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулсан. Таван багц ажлын I, II багц ажлын тендерийг зарлаж, Хятадын хоёр компани шалгарсан.
Гүйцэтгэгч компаниуд 2027 оны дөрөвдүгээр сар гэхэд эхний 4400 орчим айлын орон сууц болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээний барилгуудыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа юм.
Тэрээр гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна гэр хороололд чанартай түлш түлснээр утаа багасна гэж үзсэн. Тиймээс 2025 оны өвөл гэр хороололд сайжруулсан шахмал түлш бус хагас коксжуулсан нүүрс түлэх шийдвэр гаргасан. Гэвч 2025 оны аравдугаар сард гэхэд нүүрс олдохоо байж, айлууд хөлдөх шахсан. Нийслэлийн 400 цэгээр 940 тонн нүүрс борлуулж байгаа гэсэн ч нэг айлд 4 уутаас дээш өгөхгүй хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байсан. Энэхүү түлшийг мөн 2026 оны өвөл түлэх шийдвэр гарсан билээ.
Түүнд алга таших нэг ажил бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтад оруулсан явдал билээ. Нийслэлийн цахилгааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр 2024 оны өвөл цахилгаан хязгаарлаж байсан. Энэ үед Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүч нийлүүлснээр Улаанбаатар сая нэг амьтай голтой болсон. Мөн 2025 онд ТЭЦ-3 дээр ноцтой гэмтэл гарахад Бөөрөлжүүтийн цахилгаан станц байсан тулдаа арай гэж даван гарсан билээ.
Түүний амбиц үргэлжлүүлэн тавдугаар станцыг барих байсан. Энэ төслийн тендерт Камбожийн Митайм Интернэйшнл ХХК гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулсан байдаг. Уг компани 2023 онд Оюу толгой ордыг эрчим хүчээр хангах Тавантолгой дулааны цахилгаан станцын ажилд шалгарч байсан компани бөгөөд цаасан дээрх компани байж болзошгүй гэх үндэслэлээр гэрээ байгуулаагүй. Уг нь тавдугаар станцыг барьчихвал Улаанбаатар ойрдоо цахилгаан дулаандаа санаа зовохооргүй болно. Гэвч уг төслийн гүйцэтгэгчээр асуудалтай компани шалгарсан нь хардлага дагуулсаар байгаа юм.
Х.Нямбаатарын хувьд түгжрэлтэй олон хэлбэрээр тэмцэж байсан. Хууль батлуулсан, татвар нэмсэн, зам ашигласны төлбөр нэмсэн, улсын дугаарын дээд хязгаарыг тогтоосон гэх мэт тал бүрээр үзсэн. Нэмээд тэрээр шинэ зам, төслүүдийг хэрэгжүүлэхээ мэдэгдээд байсан юм. Энэ бол метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин тээвэр, Туулын хурдны зам зэрэг билээ. Эдгээрийгээ эрэмбэлээд хамгийн түрүүнд метро болон Туулын хурдын зам дээр бооцоогоо тавьсан.
Улаанбаатар метроны нэгдүгээр шугамыг барих ТЭЗҮ батлагдаж, хоёр гүйцэтгэгчээс нэг нь шалгарсан.
Dohwa Engineering Co.Ltd бол Монголд анх удаа төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа биш. 2021 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн хүрээнд "FIDIC Engineering Supervision" буюу инженерийн хяналтын зөвлөхөөр сонгогдож байсан удаатай.
Харин Туулын хурдны замын төсөл эсэргүүцэлтэй тулсан. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хонконгийн ХаоЮань групп шалгарч, өнгөрсөн гуравдугаар сард барилгын ажил албан ёсоор эхэлсэн. Тус компани нь Хятад, Малайз, Серби, Ангол зэрэг улсад дэд бүтэц, хурдны замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай гэж төслийн танилцуулгад дурдсан байна. Үүнээс Сербийн хурдны замын 253 км үргэлжлэх 4 төслийг амжилттай гүйцэтгэсэн мэдээлэл байгаа юм.
Гэтэл тус компанийн талаарх мэдээлэл эрэн сурвалжлах ergelt.mn сайтад нийтлэгдсэн байна. Нийтлэлд ХаоЮань групп өмнө нь China Hyway Group Limited нэртэй компани байсан бөгөөд 17 жилийн өмнө Монголд орж ирсэн талаар дурджээ. Тодруулбал, тус компани нь 10-аад жилийн өмнө Ханын материал-Баянхошуу чиглэлийн 3.4 км зам засах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан ч төдийлөн сайн гүйцэтгээгүй. 3.4 км зам олигтой засаж чадаагүй компани 32 км Туулын хурдны замыг барина гэхээр эргэлзээ төрөх учир нэрээ ийн сольсон гэж нийтлэлд дурдсан байсан. Түүнчлэн иргэдийн эсэргүүцэж, энэ оны гуравдугаар сарын 19-ээс тавдугаар сарын 16-ны өдөр хүртэл 58 хоног тэмцэж, эцэст нь төслийг зогсоон шалгаж, Х.Нямбаатар суудлаасаа буусан билээ.
Түүний хамгийн их шүүмжлүүлсэн ажил бол зүгээр байгаа бордюр, явган хүний зам солих. 2024-2025 онуудад хотын хэмжээнд нийт 87 байршилд, 162.3 км авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд бордюр солих болон өндөрлөх ажил хийгдсэн байна. Үүнээс гадна явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар солих ажлын хүрээнд 15-аас дээш байршилд 186,000 гаруй ам метр талбайн хашлага, замыг шинэчилсэн байдаг. Бордюр, явган хүний замыг нийт хэдэн төгрөгөөр сольсон нь тодорхойгүй. Х.Нямбаатар болон Нийслэлийн Замын хөгжлийн газраас өгсөн албан ёсны тайлбараар зөвхөн бордюр солих ажилд зориулж тусгайлсан төсөв баталдаггүй гэсэн. Учир нь бордюр шинэчлэх өртөг нь тухайн жилийн авто зам засвар, шинэчлэлийн нийт багц төсөвт хамт багтдаг байна. 2024 онд Нийслэл хотын хэмжээнд замын том хэмжээний засвар, шинэчлэлтийн ажилд нийт 270 тэрбум төгрөг зарцуулсан. Энэхүү 270 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрүүдийн дотор замын хучилт, борооны ус зайлуулах шугам болон бордюрыг байгалийн чулуугаар солих ажлын зардлууд багтсан байдаг.
2024 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хот 7.75 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд хаалттай байдлаар амжилттай гаргасан. Бондын мөнгөөр Сэлбэ дэд төвийн бүсэд 12 мянган айлын орон сууцны цогц хорооллыг "20 минутын хот" концепцийн дагуу барьж байгуулна гэж мэдэгдэж байсан. Орон сууц ашиглалтад ороход газар чөлөөлөлтөөр айлуудыг байранд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна. Мөн чөлөөлөгдсөн газруудаас эдийн засгийн эргэлтэд оруулж, бондын эргэн төлөлтөө хийхээр төлөвлөсөн юм.
Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нар, орон сууц нийтийн аж ахуйн ажилчдын цалинг 3 сая давуулсан билээ. Энэхүү шийдвэрийг иргэд дэмжиж байсан ч нөгөө талд багш, эмч нарын цалинг ингэж нэмсэнгүй гэх шүүмжлэлийг дагуулж байсан.
Үнийн өсөлт яав?
Үргэлжлүүлэн нэг үзүүлэлтийг заавал авч үзэх ёстой. Энэ бол үнийн өсөлт. Түүний засагласан 947 хоногийн хугацаанд Улаанбаатарт юмны үнэ хэрхэн өссөнийг үзэцгээе.
|
Төрөл |
Үнэ |
Өсөлтийн хувь |
|
|
2023 оны 10 сар |
2026 оны 5 сар |
||
|
Үхрийн ястай мах |
15414 |
30820 |
100% |
|
Хонины ястай мах |
11716 |
26506 |
126% |
|
Атар талх |
2370 |
2700 |
14% |
|
Алтан тариа 1-р гурил |
2200 |
2507 |
14% |
|
Төмс |
1575 |
3108 |
97% |
|
Лууван |
2856 |
3049 |
7% |
|
Байцай |
1805 |
3840 |
112% |
|
Хүрэн манжин |
3084 |
4165 |
35% |
|
Сонгино |
2940 |
4445 |
51% |
Х.Нямбаатарыг суудлаас нь буулгасан шалтгаан бол махны үнэ нэмэгдсэн, мах хангалттай нөөцлөөгүй гэх шалтгаан билээ. Тэгвэл түүнийг засаглаж байх хугацаанд нийслэлийн үнийн өсөлт ингэж өөрчлөгджээ. Махны үнэ хоёр дахин нэмэгдсэнээс гадна байцай, төмсний үнэ ч хоёр дахин нэмэгдсэн байна.
Ингээд Х.Нямбаатарын ажлыг жагсаагаад харах нь ээ, тэрээр 947 хоногийг хугацаанд юу ч хийгээгүй биш хийсэн. Гэхдээ эхлүүлсэн ажлаа төдийлөн дуусгаагүй, хийсэн ажил бүр нь шүүмжлэл хардлага дагуулж байв. Ялангуяа татвар төлбөр нэмснээр татвар нэмэхгүй хэмээсэн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг зөрчсөн үйлдэл болжээ. Түүнчлэн мега төсөл нэрийдлээр олон олон тэрбумыг цацсан нь иргэдийн амьдралд төдийлөн наалдаагүй, харин ч эсрэгээрээ валютын урсгалыг гадагш чиглүүлж, төлбөрийн тэнцэл алдагдсанаар дотоодод үнийн өсөлт ингэж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар иргэдийн халаасанд гараа хүчээр дүрж, байгаа мөнгийг нь хуу хамснаас ялгаагүй байгаа юм. Түүний энэхүү жишээнээс ирээдүйн улс төрчид иргэдээ хүндлэхгүй, үгийг нь сонсохгүй, их мөнгийг хайр гамгүй цацсанаар эцэстээ яаж төгсдөг вэ гэдэг сургамжийг авах ёстой билээ.
Сэтгэгдэл үлдээх