Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Г.Энэбиш
2026-05-18

Өнгөрсөн амралын өдрүүдэд улс төрчид иргэдийг чих амар амраасангүй. Намын зодоон, талцал ил гарч сүүлийн сумаа хэн хэн нь тавилаа. Ерөнхий сайд Н.Учрал өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Хотын даргыг ажлаа хангалтгүй хийсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байгаа мэдэгдлээ. Түүнийг хотын махны нөөцийг хангаагүйн улмаас үнийн өсөлт үүссэн иргэдийн амьдралд хүндээр тусч байна хэмээн чөлөөлж байгаа хэмээн мэдэгдсэн. Н.Учралын хэрэгжүүлж буй тус хуулийг Хууль зүйн сайд байхдаа Х.Нямбаатар УИХ-руу оруулж батлуулж байв.

Нийслэлийн дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг 15 хоногийн дотор тодруулна. Энэ үйл явц дараах хуулийн заалтын дагуу үргэжилнэ.

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай

64 дүгээр зүйл.Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох

64.1.Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

64.2.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:

64.2.1.Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;

64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

64.2.3.энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;

64.2.4.Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан;

64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр.

64.3.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.

64.4.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.

64.5.Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тус тус заажээ.

65.1.Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.

Ерөнхий сайд дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Х.Нямбаатарыг хугацаанаас нь өмнө огцруулах шийдвэрийг гаргасан. Өнөөдрөөс НИТХ-д Ерөнхий сайдын огцруулах үндэслэлийг 14 хоногийн дотор хэлэлцэх шийдвэрээ гаргана. Эсхүл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрийн санаачилгаар огцорч байгаагаа НИТХ-д мэдэгдвэл дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг 15 хоногийн дотор нэр дэвшүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд "Даваа гарагт ёслол төгөлдөр ажлаа хүлээлгэж өгнө" гэж мөн мэдэгдээд байгаа юм. Мөн НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжлэх товтой байна.  Гэхдээ одоогоор хурлын хэлэлцэх асуудлыг товд НЗД-тай холбоотой асуудал орж ирээгүй байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe