Тэмбүүгийн эсрэг хэрэглэдэг “Бензатин пенициллин” тарианы нөөц энэ оны хоёрдугаар сараас хойш тасарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тус тариа нь жирэмсэн эхчүүд болон тэмбүү өвчний батлагдсан тохиолдолд үндсэн эмчилгээ болгон хэрэглэгддэг бөгөөд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг буцааснаар нийлүүлэлт доголджээ.
Энэ оны эхний гурван сарын байдлаар бүртгэсэн бэлгийн замаар дамжих халдварын 54.4 хувь буюу 687 нь тэмбүүгийн халдвар байна. Харин бэлгийн замын халдварт өвчлөл нийт халдварт өвчний 25.8 хувийг эзэлж байна.
Тариа тасалдсанаар эхээс урагт халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлж, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх аюулыг дагуулж байгааг эмч нар анхааруулж байна.
Тэмбүүгийн халдварыг эмчлэхдээ “Дензатин пенициллин”-ийг тодорхой хугацааны зайтайгаар нийт гурван удаа тарих эмчилгээ түгээмэл хэрэглэдэг байна.
2024 онд улсын хэмжээнд тэмбүүгийн 5247 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 1041-ээр өссөн үзүүлэлт болсон байна. Мөн 2023 оны жилийн эцсийн байдлаар бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10,245 тохиолдол бүртгэгдсэний 4206 нь тэмбүү байсан талаар мэдээлжээ.
Харин төрөлхийн тэмбүүгийн нөхцөл байдал мөн анхаарал татсаар байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2025 оны эхний долоон сарын мэдээгээр төрөлхийн тэмбүүгийн 8 тохиолдол бүртгэгдсэн бол 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 17 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна 2025 оны эхний 11 сарын байдлаар халдварт өвчний шалтгаант нас баралтын 74 тохиолдлын 9 нь төрөлхийн тэмбүүтэй холбоотой байсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт дурджээ.
Эрүүл мэндийн салбарынхан тэмбүү нь зөвхөн бэлгийн замын халдвар биш, жирэмсэн үед эмчилгээ хийгдээгүй тохиолдолд урагт дамжин дутуу төрөлт, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн гажиг үүсгэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй стратегид төрөлхийн тэмбүүгийн түвшинг 100 мянган амьд төрөлтөд 50-иас доош барих зорилт тавьсан ч эмийн нийлүүлэлтийн доголдол энэ зорилтод сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Уг эрсдэл дэлхий дахинд нүүрлээд байна. Тухайлбал Австралийн Эмийн зохицуулах газар энэ оны 11 дүгээр сар хүртэл дээрх тариа тасалдах болсон талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх