Амралтын өдрөөр Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ болон нөөцийн судалгаа хийнгээ Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлчхөв. Зураглалынхаа дагуу бол гараад амьдралтай танилцсан чинь махны үнэ нь тэнгэрт хадчихсан байна. Тэгээд яав ийв гэсэн чинь нөөцийн мах байхгүй, байгаа хэдийг нь хотын дарга Х.Нямбаатар гаргахгүй түгжээд, хэдхэн компанид нөөцийн мах бэлтгэх давуу байдлыг бий болгочихсон жинхэнэ уурыг нь барах ёстой. Ингээд мань хүн өөрт байгаа эрхийнхээ дагуу чөлөөлнө. Нэг иймэрхүү маягаар зурагдсан улс төр явах байсан. Тэр дагуу нь ч явлаа. Гэхдээ энэ бүхэн аль сар орчмын өмнөөс л эхлэлтэй болохыг өмнөх бичвэрүүддээ таамаглаж байсан нь одоо биеллээ олж байх шиг. Ер нь сайн яривал намар өрнөсөн МАН-ын хагарлаас л эхлэлтэй. УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд бүхий л газарт өөрийн хүнээ зоосон нэгдүгээр хүнд нийслэлийн намаа, хотын даргатайгаа авах л үлдээд байсан. Хөлөө тайруулж хэлгүй болсон Л.Оюун-Эрдэнэд үлдсэн ганц том албан тушаалтан нь Х.Нямбаатар. Мань эр явцын дунд Д.Амарбаясгалан шиг нөгөө талтайгаа гар барингаа бууж өгөх цаг үеийн улс төр хийгээгүй учраас даруулах дараагийн хүн нь болов. Угаас нэгдүгээр хүн түүнд итгэх ч үгүй биз.
Цахим тоглоомд timing нь таарна гэж айхтар үелзэл байдаг шиг Х.Нямбаатарын чөлөөлөгдөх цаг үе нь махны үнэтэй гайхалтайгаар таарав. Туулын хурдны замаас болж галзуурахаас наагуур юм болсон Х.Нямбаатар тухайн үедээ унаагүй шалтгаан нь Н.Учралтай түр хугацаанд ярьсан зүйл байсан байх гэж таамаглаж байлаа. НИТХ-ын дарга А.Баярыг огцруулдаг өдрөө Н.Учралын өрөөнд орж намар болтол тогтоогоод өгөөч гэж гуйсан сураг ч гарч байсан. Намар болтол харах гээд байна уу даа гэж байтал Н.Учралын хэл хугацаа өгөлгүйгээр хүзүүг нь ороох нь тэр. Саяхан л дийлэх хүн байхгүй мэт хотын гудамд хөндлөн алхаж, хүчтэй орилж явсан хүн дээ. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг л хүсвэл сэдэв хэн дээр ч тохоод гудамд гаргаж чаддаг нам даа МАН.
Учиртай улс төрийн жижиг задлан
Н.Учрал амралтын өдрөөр “Хүчит шонхор” захаар явж махны үнэ нэмэгдсэн хүмүүсийн бухимдлыг Х.Нямбаатар руу шилжүүлж түүнийг чөлөөлөн хотын хаан гэж эндүүрч явсан гэдгийг нь санууллаа. Бүх зүйл төлөвлөсний дагуу. Х.Нямбаатарын гараар НИТХ-ын хурлын даргад өөрийн өсгөж өндийлгөсөн улс төрч Д.Ихбаярыг томилуулж чадсан. Араас нь хэзээ мөдгүй Х.Нямбаатарын толгойг цавчина даа гээд хараад сууж байтал Э.Бат-Амгалангийн хүн Нийслэлийн нэгдүгээр орлогчоор томилогдоод дөрөвхөн хонож байсан Г.Жаргалсайханыг чөлөөлж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг нэгдүгээр орлогчоор томилуулах нь тэр. Б.Мөнхбат Чингэлтэй, Сүхбаатар дүүргээр дамжиж гарч ирсэн Н.Учралын талын хүн. Х.Нямбаатарын оронд хотын даргын үүргийг түр орлох хүн нь өнөөдөр Б.Мөнхбат болж тамгаа гардан авлаа. Х.Нямбаатарыг эргүүлж тойруулан өөрийн хүмүүсээ зоож бэлэн болчхоод яг өнөөдрийн байдлаар иргэдийн амьдралд хамгийн их цочроо өгч байгаа махны үнийг сэдэв болгоод Х.Нямбаатарыг замаасаа зайлуулав. Учраа олоод явж байна уу гэтэл удаан хугацаанд хүмүүсийг бодлого бодуулсан Н.Учралын учиртай улс төр нь энэ юм.
Одоо харин хэнийг дараагийн хотын даргад нэр дэвшүүлэх нь олны анхаарлыг татаж дараагийн сэдэв болж байна. Их л олон хүмүүс ил далд яригдаж эхэллээ. НИТХ-ын даргаас огцорсон А.Ихбаяр, Эрүүл мэндийн сайд хийж явсан Б.Мөнхсайхан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Ж.Сандагсүрэн гэх мэт. Энэ дунд харин нэг том нэр явж байгаа нь Ерөнхий сайд асан Г.Занданшатар. Хэрвээ одоогийн нэгдүгээр хүн түүнийг 2027 онд Ерөнхийлөгч болгох сонирхолтой хэвээр байгаа бол Хотын даргын албан тушаал руу явуулахгүй. Яагаад гэвэл сонгуулийн тухай хуулиараа нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн 1-р сарын 1-ээс өмнө албан тушаалаа өгсөн байх ёстой юм. Тэгэхлээр хагас жил гаруй хотын дарга хийх гэж очихгүй л болов уу. Бүр явуулдаг дээрээ тулах юм бол Ерөнхийлөгчид өөр хүн сойж Г.Занданшатарыг хотын даргын ажилд тэр чигт нь явуулах нэг гаргалгаа байж болох юм. Бусдаар дээрх дурдагдсан хүмүүсээс аж ахуйн ажилдаа сайн аятайхан үгэнд ороод явчихаар нэгийг нь дараагийн хотын дарга болгох биз. Ямартай ч нэгдүгээр хүн энэ улсын бүхий л өндөр албан тушаалд өөрийн хүмүүсээ зоож чадлаа. Одоо түүний өөдөөс сөрөх хүн үлдсэнгүй...
Сэтгэгдэл үлдээх