Эрчүүд л лаг

Д.Халиунаа
2026-05-19

АНУ-Хятадын төрийн дээд хэмжээний хэлэлцээний ширээний ард нэг ч эмэгтэй суусангүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн сүүлээр БНХАУ-д төрийн дэд хэмжээний айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлал нь түүний есөн жилийн дараах БНХАУ-д хийж буй хоёр дахь айлчлал байсан юм. Айлчлалын шуум яригдаж эхэлснээс хойш хоёр тал ямар тохиролцоонд хүрэх талаар ам уралдан ярьцгааж эхэлсэн байдаг. 

Угтаа энэхүү айлчлал анх энэ оны гуравдугаар сард төлөвлөгдсөн ч Ираны хурцадмал байдлаас үүдэн хойшилсон юм. 

Ийнхүү өндөр ач холбогдолтой түүхэн айлчлал эхэлж, хоёр талын хэлэлцээчид суудлаа эзлэхэд нэг ч эмэгтэй төлөөлөл багтаагүй нь өнөөдрийн гол сэдэв болох юм. Эл үзэгдлийг судлаачид эцгийн эрхт ёсны алагчлал гэж үзэж байна. 

Гита Гопинат гэх эмэгтэйн сошиал пост нэг шөнийн дотор 22.000 хандалт авчээ. Тэрээр Харвардын Их Сургуулийн эдийн засгийн профессор юм.  Гита Гопинат “Меритократийн төгсгөлийн зураг: Ширээнд нь ганц ч эмэгтэй суугаагүй хоёр том эдийн засгийн уулзалт” хэмээн жиргэжээ. 

“Meritocracy” гэдэг нь тухайн хүнийг гарал үүсэл, хөрөнгө мөнгө, танил тал зэрэг шалгуураар бус авьяас чадвар, мэдлэг, боловсрол зэргээр нь үнэлдэг шударга тогтолцоог хэлдэг байна. 

Харвардын профессор үүгээрээ “их гүрний удирдлагууд эцгийн эрхт ёсыг илүүд үзэж, дэлхийд эрчүүдийн ноёрхлыг бий болгож байгаа нь меритократийн зарчмыг үгүй хийж байна” хэмээн үзсэн аж.

Айлчлалын бүрэлдэхүүнд Трамптай хамт 17 бизнесийн төлөөлөл явсны ердөө хоёр нь эмэгтэй байв. Түүнээс гадна Элчин сайд Моника Кроули багтсан ч гол хэлэлцээний ширээнд суугаагүй байна. Мөн энэ удаад Ерөнхийлөгчийн гурван туслах эмэгтэй дагалдан ирж, Меланиа Трамп гэртээ үлдсэн нь олны яриа болсон юм. Тэрээр 2017 оны айлчлалд Трамптай хамт БНХАУ-д зочилж, зөөлөн дипломат дүр төрх бүрдүүлж байсан удаатай. 

Дональд Трампын айлчлалын багийн эмэгтэй төлөөлөл

  • CITI группийн гүйцэтгэх захирал Жэйн Фрейзер
  • Meta компанийн ерөнхийлөгч Дина Пауэлл МакКормик 
  • Цагаан ордны протоколын дарга Моника Кроули 
  • Эрик Трампын эхнэр Лара Трамп

Хэдийгээр айлчлалын багт нийт долоон эмэгтэй багтсан ч тэд гол уулзалтуудад оролцоогүй бөгөөд зөвхөн бичиг цаас, гэр бүлийн хүрээнд л хамарч байлаа. 

Гэхдээ зөвхөн АНУ-ын тал дан эрчүүдээс бүрдээгүй бөгөөд Хятадын тал ч мөн зөвхөн эрчүүдийн төлөөллөөр уулзалтаа эхлүүлжээ. 

Хэлэлцээний ширээний ард Ши Жиньпинээс гадна 12 төлөөлөгч байсан бол Дональд Трамптай хамт 11 төлөөлөгч байжээ. 

 2026 оны 5-р сарын 14, Бээжин хот, Ардын Их Хурлын Танхим Зураг: White House

Стэнфордын их сургуулийн феминист, хүйс, бэлгийн чиг баримжааны судалгааны хөтөлбөрийн дэд захирал Халима Казем уг явдлыг Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үеийн Хятад дахь айлчлалтай харьцуулан тайлбарлажээ. 

Түүний 2014 онд хийсэн айлчлалд эмэгтэйчүүдийн манлайлал хүчтэй байсан ба удирдлагын түвшний уулзалтад ч мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл суудлаа эзэлсэн нь харагдаж байна. 

 2014 оны 11-р сарын 12, Бээжин хот, Ардын Их Хурлын Танхим Зураг: White House 

Мөн зөвхөн Обомагаар хязгаарлагдахгүй Жой Байдены засгийн эрхийн үед ч гол уулзалтад эмэгтэйчүүд өндөр байр суурьтай байсан гэж үзэж байна. Мөн Байдены засаг захиргаа АНУ-ын түүхэн дэх жендерийн тэгш оролцоотой кабинетуудийн нэгт багтдаг байжээ. 

2023 оны 11-р сарын 16, Калифорни муж, Вудсайд хот, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) удирдагчдын долоо хоног Зураг: NBC News

Халима Казем Харвардын профессортой санал нэгдэн ийн өгүүлжээ.  

“Бид хэдийн ухарсан. Обамагийн үеийн АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтуудад эмэгтэйчүүд ширээний ард сууж байсан. Харин одоо аль ч супер гүрэн эмэгтэйчүүдийг улс төрийн өрөөнд байх ёсгүй гэж үзэж байна"

Хятадын Үндэсний парламентын 26.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба 2977 төлөөлөгчийн 790 нь эмэгтэй байна.

Харин Парламентын Олон Улсын Холбооны (ОУП) "Парламент дахь эмэгтэйчүүд 2025" тайланд дурдсанаар, 2026 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяарх үндэсний парламентын суудлын 27.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Үүнээс харахад Хятадын засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр мэт харагдавч удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бараг байдаггүй байна. Үүнийг батлах бас нэг судалгаа бол парламент дахь эмэгтэйчүүдийн манлайлал огцом буурч буй явдал юм.

Дээрх тайланд парламентад эмэгтэй захирлын эзлэх хувь нэг жилийн дотор 3.8 хувиар буурсныг тэмдэглэжээ. 

Салбарын судлаачдын гаргаж буй сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээс харахад эмэгтэйчүүд улс төрийн суудалд зөвхөн “бэлгэ тэмдэг” төдий бус бодлого, удирдлагын түвшинд хүрч ажиллах ёстойг онцолж байна. 

АНУ-Хятадын дээрх жишээ дэлхийн улс орны удирдлагуудад санаж явах нэг дохио өгсөн болов уу.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe