Дараагийн хотын дарга хэн бэ гэх асуултад Р.Пүрэвдагва гэсэн нэрээр цэг тавьж байгаа бололтой. МАН-ын томчууд албан бусаар хуралдаж 36 нас хүртлээ намын албан тушаалаас өөр ажил хашиж үзээгүй СДМЗХ-ны Ерөнхийлөгч залууг улс төрийн ээлжит индэрт гаргаж ирэх шийдвэрт хүрчээ. Уг нь Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин гэх мэт улс төрчдийн нэр яригдаж байсан ч шинэ дүр оруулахаар болсон юм уу даа.
Улсын Ерөнхийлөгч, бүх юмны дарга У.Хүрэлсүхийн хүргэн хүү байсан гэдгээр нь түүнийг улс төр дэх хүрээнийхэн мэддэг. Олон нийт ч өнөөдрөөс эхлэн тэр түүхээр нь мэддэг болж байна. Хүргэн хүү байсан гэдэг нь охиноос нь салаад хугацаа өнгөрсөн гэнэ. Р.Пүрэвдагва мөн Н.Учралын бэлтгэсэн хүн, залгамж халаа. Одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай ч муугүй харилцаатай. Тийм учраас дундын хувилбар нь байж таарав. 2020-2024 онд НИТХ-д төлөөлөгчөөр сууж үзсэн ч сураг сайтай байгаагүй гэдэг нь түүнийг НИТХ-д төлөөлөгчөөр суусан гэдгээр биш нэгдүгээр хүний хүргэн асан гэдгээр нь хүмүүс илүү мэддэгээс харж болох юм. Олон жил намын жижиг, сажиг ажилд хүчин зүтгэж явсан учраас сайн ах нар нь үүлэн чөлөөний нарыг харах боломж олгож байгаа нь энэ байх. Бүхэл бүтэн хотын даргын суудлаар их улс төрд хүч түрэн орж ирэх нь байна шүү дээ. Хэр баргийн хүнд олдох хувь заяа биш. Ёстой л нэгдүгээр хүний хүргэн байж үзсэн, Ерөнхий сайд болсон хүний цүнхийг дааж явсан хүнд л олдох боломж.
1 сая хол давсан хүн амтай Нийслэл хэн нэгний пи арын талбар болтлоо доройтов...
Хот удирдана гэдэг ямар хэцүү ажил болохыг том улс төрчөөс хотод орж ирээд толгой дараалан унасан хүмүүсийн жишгээс харж болно. С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар гэх мэт. Наад зах нь аж ахуйч, төлөвлөгч, иргэдтэй ойр байж амьдралыг мэдэрдэг, хийх сэтгэлтэй хүн байх шаардлагатай. Цаашаа ярих юм бол НИТХ-ын танхимдаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэмжээний хүчтэй хүн байж тэр албан тушаалыг хашиж чадна. Гэвч НИТХ-д нэг суухдаа царай нь ч тогтоогдоогүй хүн улс төр ихтэй байгаа одоогийн нийслэлд хүчтэй ажиллаж чадах уу гэдэг нь өөрөө асуудал. Хэчнээн ард нь намын дарга, улсын нэгдүгээр хүн нь байгаа ч нэг асуудал гарахаар л ах нар дээрээ гүйж очиж хов зөөгөөд байж болохгүй. Нөлөөллийн хувьд жулдах нь тодорхой. Гэхдээ ах нар нь түүнийг хотын даргын суудлаар том улс төрд оруулан ирж байгаа нь учиртай. Нэгдүгээрт өөрийг нь том улс төрд оруулж ирэх цаг нь болсон гэж үзэж байгаа бололтой. Хоёрдугаарт хаа хаанаа хүний үгээс зөрдөггүй хүссэн цагт нь ааваа гэж дуудах хүн байх ёстой. Бишээ энэ хоёрын байрыг солих ёстой юм байна. Нэгдүгээрт дуулгавартай байх. Тэгээд эхнийхээ даалгаврыг амжилттай хийж чадвал том улс төрд үлдээнэ. Туршилтын хугацаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл. Дааж чадвал цааш хэрхэх нь шийдэгдэх биз.
Хотод ирэх сургаар л түүний зураг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж хэн ч мэддэггүй байснаас зүсийг нь таньж, угшлыг нь гадарладаг болтол дээшлэв. Хотын даргаар ирчихвэл бүр л их хэвлэлээр гарч танил улс төрч болон хувирна. Мань хүний дотоод хүсэл нь гарцаагүй мөн. Магадгүй одоо цээжинд нь гал дүрэлзэж, хотын дарга болсны маргааш өдрөөсөө эхлээд хэрхэн гудамд гарч шоу хийхээ төсөөлж байгаа байх. Хотын ажил амаргүй гэдгийг хангалттай харсан байлгүй. Ажлын хувцас өмсөж л гарч ирэв дээ. Анхнаас нь хүмүүс хүлээж авахгүй шүү.
Нам дотроо л тодорхой болсон болохоос биш түүнийг албан ёсоор хотын дарга болоогүй гэдгийг тодотгон сануулж бичье. Ах нар нь олны хэл амнаас болж томилогдоогүй байхад нь татаж магадгүй л байдалд орчих гээд байна шүү.
Сэтгэгдэл үлдээх