Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Батсуурийн Золжаргал амьдралынхаа цэцэглэн хөгжих он жилүүдийн дунд, бүтээлийн оргилдоо явахдаа бидний дундаас үүрд хагацлаа.
Б.Золжаргал нь Соёл Урлагийн Их Сургуулийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн шавь болон төгсөж, 2013 оноос Улсын Драмын Эрдмийн Театрт дагалдан жүжигчнээр уран бүтээлийн анхны алхмаа хийсэн. Багшийнхаа нэрийг гутаалгаагүй шавь, тайзан дээр амилуулсан дүр бүхэн нь үзэгчдийн зүрх сэтгэлд тод үлдсэн авьяаслаг уран бүтээлч байв.
2015 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" уянгын драмын Отгоолойн дүрд тоглон уран бүтээлийн замналаа эхэлсэн юм. Тэндээс хойш Т.Габбегийн "Үнсгэлжин", С.Жаргалсайханы "Тэмүүжин", У.Шекспирийн "Ромео, Жульетта", Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар", Люсиль Флетчерийн "Уучлаарай, та дугаар андуурч", Я.Баяраагийн "Царцаа Намжил", К.Людвигийн "Оддын өвчин", О.Элбэгтөгсийн "Надтай үлдээч", Б.Мөнх-Амьдралын "Миний аав супер баатар", Лев Толстойн "Анна Каренина", Б.Цогнэмэхийн "Хаадын хаан: Андгай" зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг тайзнаа амилуулсан билээ.
Уран бүтээлийн гарамгай амжилт нь олон нийт болон мэргэжлийн шүүмжлэгчдийн талархлыг хүлээж байв.
2018 онд 14 дэх удаагийн "Гэгээн Муза" олон улсын театрын наадмаас "Царцаа Намжил" жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
2023 онд 17 дахь удаагийн "Гэгээн Муза" наадмаас "Миний аав супер баатар" жүжгийн Өмхий харын дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин шагналыг тус тус хүртсэн юм.
Тэр тайзыг эзэгнээд зогсохгүй уран бүтээлийн эрэл хайгуулаа өргөжүүлж, олны хайрыг татсан хамтлагийн дуучин, кино дэлгэцэд мөнх амьдарч чадсан од байлаа.
УДЭТ-т ажиллах хугацаандаа "Драм 3" хамтлаг байгуулан 2015 онд "Тэрбумын хэрэг" уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд 2024 онд "Бараг л аймшгийн кино" уран сайхны кинонд гол дүр бүтээснээрээ дэлгэц, тайзны хоёр төрөлд ижил гарамгай байсныг нотолсон.
Тайзан дээр олон дүрийг, олон хүнийг, олон сэтгэлийг амилуулж байсан Золжаргал тайзнаас буугаад өөрийн хайртай гэр бүлийн дунд халамжит нөхөр, сайн аав билээ.
Тэр Монгол Улсын хүндийн өргөлтийн нэрт тамирчин Мөнхбатын Анхцэцэгийн нөхөр байсан юм. Спортын тавцанд эх орныхоо нэрийг өргөж явсан Анхцэцэгийн түшиг тулгуур, хүүхдийнхээ үлгэр жишээ аав байлаа.
Урлагийн хүн ажлын ачаалал, бүтээлийн эрэлд автагдаж амар бус амьдралтай ч Золжаргал гэр бүлээ хайрлах, хүүхдүүдтэйгээ зэрэгцэн өсөх тэр л халуун дулаан ааш зангаараа ойр дотнынхондоо дурсагдаж байна.Ханийнхаа түшиг, үрдээ элгээ дэлгэсэн аав байсан түүний дүр төрх нь олны хайрыг хүлээсэн жүжигчний нэрээс илүү үнэт өвийг үлдээж байна.
Б.Золжаргалын богино ч тод мөрөө үлдээсэн уран бүтээлийн зам Монголын театрын түүхэнд өөрийн өнгөтэйгөөр үлдэх болно. Түүний амилуулсан Намжил, Бенволио зэрэг дүрүүд үзэгчдийн санах ойд хадгалагдаж, шавь болон үе тэнгийнхэн нь түүний мэргэжилдээ хандсан хичээл зүтгэлийг үлгэр дуурайл болох биз ээ.
Жүжигчин Батсуурийн Золжаргалын гэр бүл, хань Мөнхбатын Анхцэцэгт болон хамаатан садан, хамт олонд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх