УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр Цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр дараах мэдээллийг өглөө.
2026 оны эхний дөрвөн сард орон сууцтай холбоотой 199 хэрэг шинээр бүртгэгдсэн бол, өмнөх жилүүдээс шилжиж ирсэн хэргийг оролцуулан нийт 236 хэргийг шийдвэрлэжээ
Өмнөх жилүүдтэй харьцуулбал, 2025 онд нийт 47,480 залилах хэргийн 512 буюу 3.1 хувь нь орон сууцных байсан бол шийдвэрлэлт 325 хэрэгт хүрсэн. 2024 онд нийт 44,673 залилах хэргийн 456 буюу 2.8 хувь нь орон сууцных байж, 245 хэрэг шийдвэрлэгджээ.
2024 онд 32.5 тэрбум, 2025 онд 62.8 тэрбум, 2026 онд 22.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тоо гарчээ. Орон сууцны залилангийн үлдэгдэл хэрэг 30.3 хувьд хүрч, шийдвэрлэлт 69.7 хувьтай байна.
Хамгийн их хохирол учруулсан аж ахуйн нэгжүүд
Тайланд хамгийн их хохиролтой зургаан аж ахуйн нэгжийг онцлон жагсаасан байна:
|
№ |
Аж ахуйн нэгж |
Хохирогчийн тоо |
Хохирол |
|---|---|---|---|
|
1 |
Азийн барилга ХХК (Хөх сувд) |
51 |
11.0 тэрбум |
|
2 |
Авес гранд ХХК |
65 |
3.4 тэрбум |
|
3 |
Марч констракшн ХХК |
405 |
3.0 тэрбум |
|
4 |
Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХХК |
150 |
2.1 тэрбум |
|
5 |
Цоба хаус ХХК |
53 |
1.9 тэрбум |
|
6 |
Эбо даймонд |
12 |
1.2 тэрбум |
|
|
Нийт |
1,202 |
22.6 тэрбум |
Мөрдөн шалгах албаны даргын 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилготой "Орон сууц" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад 1,287 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах албанд шалгагдаж буй 4, орон нутаг, нийслэлийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн нэгжүүдэд шалгагдаж буй 193 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга хэмжээ авснаар:
Арга хэмжээний хүрээнд 145 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 23 хэргийг шийдвэрлэсэн.
Прокурорын зөвшөөрлөөр 4 блок, 70-90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.
Цагдаагийн байгууллагаас 2025 онд бүтэн жилийн хугацаанд орон сууцтай холбоотой 325 хэргийг шийдвэрлэж байсан бол энэ оны эхний 4 сарын байдлаар 232 хэргийг шийдвэрлэсэн байна.
Гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй дөрвөн гол хүндрэлийг танилцууллаа.
Нэгдүгээрт, хохирсон иргэн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хугацаа алдаж цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь гэмт этгээдэд бусдад учруулсан мөнгө, эд зүйлс, бараа материалыг нуух, цаашлаад хөрөнгө хамгаалах ажиллагаа хийх боломжгүй байдлыг үүсгэж байна.
Хоёрдугаарт, санхүүгийн чадамжгүй хуулийн этгээдүүд орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдтэй гэрээ байгуулж мөнгө татан төвлөрүүлж байгаа нь гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл үүсгэж байна.
Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Иргэний хэргийн шүүхэд давхар хандсанаар захирамж гарч, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж байна.
Дөрөвдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татна..." гэж заасан нь захиалгын гэрээ байгуулсан иргэдийн гаргасан гомдол тус бүрт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд хүндрэл учруулж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах саналуудыг дэвшүүллээ.
Хугацаандаа ашиглалтад оруулаагүй бол "хар жагсаалт"-д оруулж олон нийтэд ил тод мэдээлдэг болох. Дуусаагүй барилгуудад хяналт шалгалт явуулж улсын бүртгэлд бүртгүүлэх, захиалагч нар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой болгох. Захиалгын гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлдэг зохицуулалттай болгох.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байхдаа газар шороо, каркас угсралтын ажил эхлүүлж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах. Иргэдэд захиалгын гэрээг бүртгүүлэх талаар урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ авах.
Сэтгэгдэл үлдээх