Иргэдийн мөрөөдөл болсон орон сууц цөхрөл болсон асуудлыг Засгийн газар анхаарах шаардлагатай

Ц.Чимэдцэеэ
2026-05-20

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо орон сууцны захиалга, дахин төлөвлөлттэй холбоотой залилан, гэрээний зөрчлийн улмаас хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх зорилгоор нээлттэй хуралдаан зохион байгуулж, хохирогч иргэдийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон холбогдох төрийн байгууллагуудыг нэг танхимд цуглуулан асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг даргалав.

Засгийн газарт өмнө нь тодорхой үүрэг чиглэл өгч, иргэдийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг тавьсан боловч ажил төдийлөн ахицтай явахгүй байгааг шүүмжилсэн.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн захирамжаар дуусаагүй барилга, цаашдын арга хэмжээтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, зургаадугаар сарын эхээр санал дүгнэлтээ танилцуулахаар ажиллаж байгаа гэдгийг мөн дурдав.

О.Номинчимэг: Энэ бол олон жилийн угжирсан асуудал. Иргэдийн тэвчээрийг барсан, цөхрөлд хүрсэн байна. УИХ манлайлж, гүйцэтгэх засаглалын анхаарлын төвд оруулж шийдвэрлүүлэх нь бидний үүрэг.

Мөн Өргөдлийн байнгын хороонд ирж буй бүх асуудал залилан биш. Зарим нь барилгын компани өөрсдөө орон сууц барьж, худалдах гэрээ хийсэн ч ямар нэг шалтгаанаар хойшилж удааширсан, хэрэглэгчийн эрх хамгаалах зохицуулалт байхгүйгээс иргэд хохирсон тохиолдол юм. Иймээс асуудлуудыг ялгаж салгаж авч үзэх шаардлагатайг анхааруулсан.

Цагдаагийн байгууллагын гурван жилийн статистик

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дэд, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулав.

Өнөөгийн байдлаар цагдаагийн байгууллагад 995 иргэний 64.5 тэрбум төгрөгийн хохиролтой, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох хэрэг шалгагдаж байна. Мөрдөн шалгах албаны даргын хоёрдугаар сарын 12-ны өдрийн тушаалаар орон сууцтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн хүрээнд нийтдээ 232 хэргийг шийдвэрлэн ажиллаж байгааг танилцуулав.

Мөрдөн шалгах ажиллагаа удааширдаг шалтгаан

Хурандаа Б.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагаа удаашрах хэд хэдэн шалтгааныг тайлбарлав. Нэгдүгээрт, иргэд хоёр, гурав, дөрвөн жилийн дараа залилуулснаа ойлгож, цагдаад хандах нь түгээмэл. Хоёрдугаарт, нэг хэрэгт олон иргэн холбогддог тул мөрдөн шалгах ажиллагаа дуусаад байтал шинэ гомдол ирэхэд хэргийг үргэлжлүүлэн шалгахад их хугацаа зарцуулагддаг. Гуравдугаарт, тухайн байгууллагуудын бүх хугацааны санхүүгийн баримтыг хүлээн авч, Шүүх шинжилгээний ерөнхий газраар эдийн засгийн дүгнэлт гаргуулахад нэлээд хугацаа өнгөрдөг. Дөрөвдүгээрт, прокурор, шүүхийн шатанд хэргүүд нэгтгэгдэх асуудал гардаг аж.

Өргөдлийн байнгын хороонд 12 төслийн багц асуудлаар 600 гаруй иргэний өргөдөл ирсэн.

"Ток Таун" төсөл: 6.2 тэрбумын хохирол

"Танан Ордос Капитал"-ын "Ток Таун" төслийн хохирогчдын төлөөлөл цагдаагийн санхүүгийн шинжилгээний үнэлгээгээр нийт 6.2 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд барилгын мөнгийг 2022 оны тавдугаар сараас хойш зарцуулсан гэх дүгнэлт гарсан ч, 2026 оны байдлаар барилга барих газар хоосон хэвээр байгааг онцлов

Тэр 50 тэрбум төгрөгөө барилгын ажилд зарцуулсан гэх тайлбар нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа тул дахин шалгалт хийж өгөөч хэмээн хүсэв.

Хохирогчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх газар болон цагдаагаас 2022 оноос хойш бий болсон хөрөнгийг тооллогод оруулахыг хүссэн боловч, шүүхийн байгууллага зөвхөн шүүхийн шийдвэр гарсны дараа эд хөрөнгийг тоолно гэж хариулдаг асуудлыг хөндөв. Мөн "захиалга авсан хариуцагчид дөрвөн жилийн хугацаанд өөрсдийн нэр дээрх эд хөрөнгийг хамаатан саднууддаа тараагаад дуусгасан" гэж сэжиглэж байгаагаа илэрхийлэв.

Цагдаагийн зүгээс хурандаа Б.Батдэлгэр хариулахдаа, БЗД-ийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгаас уг хэргийг шалгаж, 89 иргэн хохирсон, 6.4 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн гэв. Иймд хохирогчид хүсэлтээ харьяа дүүргийн прокурорын газарт өгөхийг зөвлөв.

"Танан Ордос Капитал"-ын Гүйцэтгэх захирал Мөнх-Оргил,

"2025 оны наймдугаар сараас захиалагчдын хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа, өөрөө хувьцаа эзэмшигч болохоо мэдэгдэв. Газрын зориулалт орон сууц барих зориулалтын бус байснаас төсөл удааширсан. Нийт 6.4 тэрбум төгрөгийн хохирлоос 1.5 тэрбум орчмыг барагдуулаад байгаа бөгөөд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Компанийн хувьцаа эзэмшигчид яллах дүгнэлт гарсныг дурдаж, Эрүүгийн хуулийн 17.3.3 заалтаар буюу "амьдрах хэрэгсэл болгосон" гэх үндэслэлээр буруутгагдсан" гэв. 

Энэ талаар туршлагатай компанийн хувьд дээрх байдлаар гэмт хэргийн сэдэлгүй байсан талаараа дурдлаа. Мөн  төр, засгийн байгууллага компанитай хамтран ажиллахыг хүслээ.

"Гэзэгийн худаг": 404 хохирогч, 5 тэрбумын залилан, хариуцах эзэнгүй

Хохирогчийн төлөөлөл Найдан "Гэзэгийн худаг" болон түүний туслан гүйцэтгэгч "Өндөрзаяа" компанийн хохирогчдыг төлөөлж үг хэлэв. Нийт 404 хүн хохирсон, "Өндөрзаяа" компанийн захирал Должинсүрэн 6 барилгыг 57 хүнд давхардуулан гэрээ хийж, тус бүрээс 60 сая төгрөг авч залилсан гэж мэдэгдэв. Нийтдээ 5 тэрбум төгрөгийн хохиролтой энэ хэрэг 2012 онд эхэлсэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй удаашралтай байгааг онцлов.

Хохирогчийн мэдээлснээр, "Өндөрзаяа" компанийн нэг захирал 2019 онд шүүхээр шийтгэгдсэн боловч нэг ч хүний хохирлыг барагдуулаагүй, өөр захирал нь нас барж хариуцах эзэнгүй болсон. Олон хохирогч хохирлоо нөхөн авч чадалгүй, зарим нь нас барсан хүнд нөхцөлийг дурдав.

"Эрхэт Монгол групп": Объектыг битүүмжлэх шаардлага

"Монгол зиндаа констракшн" ХХК-тай холбоотой хохирогчдын зүгээс "Эрхэт Монгол групп"-ийн ерөнхийлөгч Мандахбаяр гурван төслийн нөхцөл байдлыг танилцуулав. Сэлбийн зусланд байрлах "Гранд маршал" (хуучин пионерын зуслан байсан газар, 13.3 га талбайд 500 айлын орон сууцтай 11 объектын төсөл), Хөшигтийн хөндийн "Хайрын хотхон" (2,000 айл), Өмнөговь аймгийн 200 айлын төсөл нь 2021 онд захиалга өгсөн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүйг шүүмжлэв.

Төсөлд хамаарах том газар, объектуудыг дуудлага худалдаанд оруулж, иргэдийн орон сууцыг бариулах боломжийг эрэлхийлэхийг санал болгов. Тэрбээр "Цагдаад өгөхөөр иргэний хэрэг гэж халхавчлаад, иргэний хэрэгт шилжүүлчихээр шүүх дээр 'мөнгө байхгүй' гэж сууж байдаг. Объектууд байгаа атал тэдгээрийг битүүмжилж, өргөдлийг бариулж болохгүй юм уу. Төр иргэнээ огт хамгаалахгүй байна" хэмээн шүүмжилсэн.

"Марч констракшн": 8 блок зогсонги

"Марч констракшн"-ы хохирогчдыг төлөөлж Шинэбаатар үг хэлэв. Тус компани нийслэлийн хэмжээнд гурван байршилд 13 блок барилгын төслийг 2017, 2018 оноос эхлүүлснээс өнөөгийн байдлаар таван блок буюу дунджаар 1,500 айлын орон сууцыг ашиглалтад оруулсныг дурдав. Үлдсэн 8 блокийн барилгын ажил жил жилд шат дараалан зогсож, зарим нь зөвхөн давхруудаа цутгасан хэвээр үлдэгдэл ажил нь хийгдэхгүй, 2025 оноос хойш нэг жилийн хугацаанд төсөл бараг бүрэн зогссон байдалтай байгааг танилцуулав.

Шинэбаатар хохирогчдын зовлонг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжихгүй, нийгмийн сөрөг үр дагаврыг онцлов: "Энэ удаан олон жил хүлээж байгаа хүмүүс зөвхөн мөнгөн дүн биш, цаана нь нийгмийн харилцааны асар олон зүйлд сөрөг үр дагавар үзүүлж байна. Гэр бүл салж байна, хэн нэгнээ буруутгаж байна. 5-аас 7 жил хүлээсэн хүмүүс нас барж байна, ам бүл нэмэгдэж байна." Тэрбээр өөрөө 2019 онд захиалж, 2023 онд орон сууцандаа орох хүртлээ найман удаагийн нүүдэл суудал хийсэн түүхээ хуваалцав.

"Марч констракшн" компанийн захирал Бадралбат:

Компани 2017 оноос үйл ажиллагаа явуулж, гурав, дөрвөн удаагийн комиссын ажиллагаагаар 800 гаруй айлыг орон сууцаар хангасныг дурдав. Сүүлийн гурван комиссыг ковидын дараа буюу 2023 онд хийсэн гэв. Тэрбээр компани ковидын үеийн үнийн өсөлт, хил гаалийн хаалттай байдал, ажиллах хүчний зардлын өсөлтийг үл харгалзан, өмнө нь оруулсан орон сууцуудаа анхны захиалгын гэрээний үнээр нь хүмүүст хүлээлгэн өгсөн гэж тайлбарлав.

Дараагийн блокууд удаашрах болсон шалтгааныг Бадралбат эдийн засгийн үнийн өсөлттэй холбон ковидын дараах үнийн өсөлтөөс шалтгаалан санхүүгийн тооцоо нь анхны төсвөөрөө эргэхгүй болж, барилгууд анхны төсвөөр босохгүй нөхцөл үүссэнээс барилгын ажил удааширсан гэв. Ингэснээр "Марч констракшн"-ы кейс нь залилангийн санаатай үйлдлээс илүүтэй, ковидын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, барилгын өртгийн огцом өсөлтөөс үүдэлтэй гэрээний гүйцэтгэлийн саатлын шинжтэйг тодотголоо.

Хуралдааны явцаас тодорхойлогдсон гол асуудлуудыг дараах байдлаар нэгтгэж болно.

Нэгдүгээрт, эрх зүйн орчны хийдэл. Барилгын ерөнхий хууль 10 гаруй жил шинэчлэгдээгүй, орон сууцны захиалгын гэрээ, хэрэглэгчийн эрх хамгаалах зохицуулалт сул, залилан болон энгийн гэрээний зөрчлийг ялгах хууль зүйн тодорхой хил байхгүй байгаа нь олон хохирлын суурь шалтгаан болж байна.

Хоёрдугаарт, хариуцлагын зай. Компани нэрээ хувиргаж дахин залилах, эд хөрөнгөө тараах, хэрэг иргэний болон эрүүгийн хуулийн хооронд "гацах" зэргээс иргэд хохирлоо нөхөн авч чадахгүй байна.

Гуравдугаарт, процессын удаашрал. Олон хохирогчтой хэрэг тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэх шаардлага, санхүүгийн дүгнэлт гаргуулах хугацаа, шүүх, прокурорын шатанд хэргийг нэгтгэх зэрэг нь шийдвэрлэлтийг удаашруулж байна.

Шийдлийн чиглэлд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Барилгын тухай хуулийг шинэчлэн ирэх долоо хоногт өргөн барих гэж буй талаараа дурдлаа.

Мөн эрсдэлийн даатгал бий болгох, Орон сууцжуулалтын тухай хуулиар батлан даалт гаргах боломж нээх, захиалгын гэрээг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх, хар жагсаалтыг олон нийтэд ил болгох, дуусаагүй барилгад хяналт тавьж захиалагчид урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломж олгох зэрэг саналууд хэлэлцлээ. Өргөдлийн байнгын хорооноос хянан шалгах ажлын хэсэг байгуулж, цаашдын арга хэмжээг шуурхай авахаар тогтов.

Сэтгэгдэл үлдээх

Энэ асуудал ёстой үнхээр хүнд хэцүү байна нэг тийш нь шийдэж олон хүнийг зовлонгоос нь хурдан салгаасай хүлээсээр цөхөрсөөр орон гэргүй болж үнхээр хүнд байна 6жил хүлээх чанга юма

Ундрах

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe