С.Баярцогт: Нийслэлийн мега төслүүдээр УИХ нээлттэй сонсгол хийх нь зөв

.Graph
2026-05-21

Ардчилсан намаас 7 хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 цаг мэдээллийн цагаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт  болон намын дарга О.Цогтгэрэл нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

МАН дотроо хуваагдан Ардчилсан намд долоон сайдын суудал өгье гэсэн яриа гарч байна. Ардчилсан намын даргын хувьд та ямар байр суурьтай байна вэ?

–Би хэсэг хугацаанд чөлөөтэй байж байгаад өнөөдөр ажилдаа ирж байна. Албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах ёсгүй, буруу гэж үздэг. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Яагаад гэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхтэй болсон. Олонх нь олонхийнхоо ажлыг хийх ёстой, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Энэ зарчмыг алдагдуулж болохгүй.

–Ардчилсан намыг Засгийн газарт хамтарвал УИХ-ын даргын албыг өгөх асуудал яригдаж байна. Үүнийг та дэмжих үү?

–Ардчилсан нам Засгийн газарт хамтрах нь буруу. Яагаад гэвэл зөвхөн хууль, эрх зүйн талаасаа биш, улс төрийн байр суурийн хувьд ч буруу. Ардчилсан нам өнгөрсөн 10 жилийг “авлигад идэгдсэн 10 жил” гэж удаа дараа шүүмжилж ирсэн. Бид энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр хамтарч авлигад идэгдсэн 10 жилийг хамтдаа хаацайлах гэсэн үг биш. Ийм зүйл байх ёсгүй. Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ байр суурийг баримталж, цөөнхийн сонголтоо хийх ёстой гэсэн байр суурьтай байна.

 

Ардчилсан намын ЕНБД С.Баярцогт 

Тэрээр эрх баригч МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй. Санал ирсэн ч Засгийн газарт хамтрахгүй гэдгийг хэллээ. Мөн нийслэлийн төсөв болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хяналт шалгалт хийх ёстой гэв.

Нийслэлийн мега төслүүд дээр сонсгол хийх дэмжиж байгаа 

Тэрээр “Биднийг засаглаж байх үед буюу 2015 онд нэг их наядын төсөвтэй байсан Улаанбаатар хот бараг зургаа дахин өсөж 5.8 их наяд болтлоо өссөн. 2025 оны НИТХ-ын хурлаар баталсан 16 мега төсөл, нийт 24 мега төслийн нийт өртөг улсын төсвийн зардалтай тэнцэж байгаа. Ийм том төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн хүчин чадал байна уу, эрэмбэлж үе шаттай хийх ёстой гэж үзэж байгаа. Мөн энэ төслүүдийг хэрэгжүүлэх компани, боловсон хүчин байгааг эсэхийг ярих ёстой. Энэ том төслүүдийн цаана их хэмжээний авлига, хээл хахууль, хуулийн зөрчил байгааг гэдгийг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, мэргэжилтнүүд илэрхийлж байгаа.  Сөрөг хүчний зүгээс энэ том төслүүд, утаа түгжрэлийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Гэхдээ төслүүд нь нээлттэй, авлига хээл хахуульгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe