Шарын голын уурхай дөрөв хоног ажиллаад зогсох нөхцөл байдалтай байна

Д.Халиунаа
2026-05-22

Шарын голын нүүрсний уурхай өнгөрсөн жил 1.5 сая тонн нүүрс олборлож, Эрдэнэт, Дархан хотыг 100 хувь нүүрсээр хангажээ. Гэвч нийлүүлсэн нүүрснийхээ төлбөрийг өнөөдрийг хүртэл авч чадаагүйгээс үүдэн ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар зэрэг өрөнд оржээ. 

Анх Монгол-Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд Шарын голын нүүрсний орд газрыг нээж, ашиглалтын нөөцийг нь тогтоосноор 1961 оны аравдугаар сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьсан байдаг. Тус ил уурхай өдгөө 61 жилийн настай бөгөөд Эрдэнэт, Дарханы ДЦС, Эрдэнэт үйлдвэр зэрэг дотоодын нүүрсний хэрэглээг хангасаар иржээ. 

Одоогоор дээр дурдсан үйлдвэр, ДЦС-ууд тус уурхайд нийт 21.5 тэрбум төгрөгийн өртэй. Үүний 15.3 тэрбум нь хугацаа хэтэрсэн байна. 

Эрчим хүч, дулааны хэмнэлт, үр ашиг талаасаа хэрэглэгч хэт хямд тарифтай үед үргүй буюу илүүдэл хэрэглээ хэт их гаргадаг аж. Ихэнх улсад тариф нь бодит өртгөө нөхдөг, зөвхөн зорилтот бүлэгт татаас олгодог байна. Харин манайд энэ тогтолцоо байхгүйн улмаас Эрдэнэт, Дарханы цахилгаан станц зардлаа нөхөж чадахгүйд хүрч, Шарын голоос авч буй нүүрсний төлбөрөө төлж чадахгүй байна. 

Ийнхүү 2024 оны сүүлээс санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, өр төлбөрөө авч чадахгүйгээс үүдэн уурхай зарлагаа нөхөж чадахгүй үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулжээ. 

Мөн АНУ-Ираны хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор манай улсад дизель түлшний үнэ нэмэгдсэн нь ч уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж байна.  

Өнөөдрийн байдлаар түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж, 4450 төгрөгт хүрчээ. Тус уурхай хоногт 23.500 литр түлш хэрэглэдэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар уурхай түлш татдаг компанидаа олон тэрбумын өртэй болжээ.  

Үүгээр зогсохгүй түлшний үнэ нэмэгдсэнээс үүдэн тосолгооны материалын үнэ 40 хувиар, тэсрэх материалын үнэ 70 хувиар тус тус нэмэгджээ. 

Өр, авлага, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна эрчим хүчний тариф, нүүрсний үнэ уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж байна. 

Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээний үнэ тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон.

Улмаар хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифт 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулах байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Угтаа 2024 оны сүүл үед Эрчим хүчний зохицуулах хороо дулаан цахилгааны үнийг нэмэх тогтоол гаргасан хэдий ч хэрэгжээгүй юм. Ингээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан боловч 12 дугаар сард ийнхүү хоёр дахь удаагаа дулааны үнэ тариф нэмэхийг хойшлуулжээ. Харин төрийн тогтворгүй шийдвэрүүд эрчим хүчний салбарын компаниудын нуруун дээр бууж байгаа нь энэ юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уурхайн удирдлага энэ оны дөрөвдүгээр сараас хойш Эрчим хүчний зохицуулах хороо болон холбогдох яам, сайдуудад албан бичиг явуулсан ч одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна.

Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан:

  • Манай уурхай арга ядахдаа энэ оны дөрөвдүгээр сарын дундуур 14 хоногийн зогсолт хийсэн. Тэр үед Эрдэнэтийн станц нэлээн хэцүүдэж, хүйтний улирал дуусаагүй байхад халаалтаа зогсоосон байдаг. Нүүрсгүй болсон учраас тэр шүү дээ. Тухайн үед засаг төр солигдож, шинэ сайдтай уулзахад “удахгүй зохицуулъя аргалаад байж бай” гэж албан бусаар хэлсэн. Өдийг хүртэл бид байж болох хамаг чадлаараа үйл ажиллагаагаа явуулсан ч цаашдаа чадахгүйд хүрлээ. Одоогоор бидэнд ирэх өвлийн 10 дугаар сарын 1 хүртэлх нүүрсний нөөц байгаа. Харин түүнээс хойших 30 хоногийн ямар ч нөөцгүй болсон. Борооны улирал эхлэхийн өмнөх 4-6 дугаар сар бол хамгийн бүтээмжтэй сар байдаг бол яг энэ үед бид гацалтын байдалд орчихлоо. Энэ байдлаараа уурхай дөрвөн хоног л ажиллах хүчин чадалтай байна. Ажилчдадаа цалингаа ч тавьж чадахгүй, мухардаж байна. 

ДДЦС нь 61 жилийн турш Дархан хотыг дулаан, эрчим хүчээр хангаж байгаа цорын ганц эх үүсвэр юм. Өнөөдрийн байдлаар 16 хувийн нөөцтэй байгаа аж. Уурхайн үйл ажиллагаа зогсох нь ганц компанийн хувь заяаны асуудал биш бөгөөд цаана нь бүхэл бүтэн хоёр хотын эрчим хүч, дулааны асуудал, цаашлаад Дархан Эрдэнэт хотын иргэдийн амьдрах эрх яригдаж байнйа. 

Дэлхийн дунджаар бол манай улсын тариф бусад улс оронтой харьцуулахад хямд байдаг байна. Гэхдээ нэг талыг барин дулаан, эрчим хүчний төлбөрийг огцом өсгөх нь иргэд, айл өрхөд санхүүгийн дарамт болох юм. Харин үүнийг аль аль талдаа тэнцвэртэй, ухаалгаар зохицуулах нь төрийн үүрэг билээ. 

Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан:

  • Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцын захирлууд “хот хөлдлөө нүүрсээ явуулаач Мэндээ” гээд гуйдаг. Өгмөөр байв ч үнэхээр болохгүй байгаа юмыг яах вэ л гэдэг. Эрдэнэт үйлдвэр бол нөгөөдүүлээ бодоход арай мөнгөтэй компани учраас бас ч гэж гайгүй байх. Харин энэ хоёр станц л хэцүүдэх байх даа. Одоо урин дулаан цаг ирсэн гээд дээр байгаа улсууд санаа амар байх шиг байна. Өвөл болдгоороо болно шүү дээ. Улаанбаатарын иргэд л хүн. Орон нутгийнхан тэдэнд хамаагүй юм шиг байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe