Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль”-ийн төслийг эцэслэн баталлаа. Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүд урагшлахаар боллоо. Энэхүү хуулийн төсөл өмнө нь чуулганы хуралдаан дээр дэмжигдэлгүй унаж байсан. Сэлбэ дэд төв гэсэн төслийг хасаж оруулж ирснээр ийнхүү өнгөөдөр батлагдлаа. Тус хуульд 2 төслийг санхүүжилтийг шийдвэрлэх хуулийн эрхийг олгож байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор
- 366 сая кВ.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ
- Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана
- УЦС-ын бүтээн байгуулалтын үед болон ашиглалтад орсноор 870 гаруй ажлын байр нэмэгдэнэ
- Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 17.5 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ. Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломж бүрдэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдсанаар орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэх, уссан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх тооцоо бий.
Иргэн талдаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж 17.5 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээнэ. Түүнчлэн баруун бүсийн 52,000 ахуйн хэрэглэгчийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, баруун аймгуудын 4,430 аж ахуйн нэгж, 5,400 орон сууц, 36,000 гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаснаар ОХУ, БНХАУ-аас жил бүр импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний төлбөрийг 17.5 тэрбум төгрөгөөр хэмнэх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.0 тэрбум ам.долларын орлого олох бөгөөд дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангаж, импортын хараат байдлыг бууруулахаас гадна шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдлээ.
Гадаад зээллэгийн санхүүжилтийг богино хугацаанд үр дүнтэй ашиглах нь төсөвт учруулах дарамтыг багасгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, улмаар олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлж, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Сэтгэгдэл үлдээх