Дархан хотыг эрчим хүч, дулаанаар хангадаг цорын ганц эх үүсвэр болох ДДЦС-ын амь тасрахад хоёр жил үлджээ. Анх 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны галаа асаасан бөгөөд төдийгөөс өдийг хүртэл Дархан хотыг эрчим хүч, дулаанаар тасралтгүй хангаж байна.
ДДЦС-ын Ерөнхий инженерийн хэлснээр тус станцын хүчин чадал 2028 он гэхэд бүрэн шавхагдах тооцоололтой байгаа аж. Тодруулбал, үүнээс цааш Дарханыхан дулаан, эрчим хүчний эх үүсвэргүй болох юм.

Нэг жарныг элээсэн тус цахилгаан станцын хамгийн гол асуудал бол техникийн элэгдэл, хорогдол юм.

Мөн ДДЦС нь Шарын голын нүүрсний уурхай болон Багануурын уурхайгаас жилдээ 580 мянган тонн нүүрс татаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ санхүүгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж нүүрсний эх үүсвэрүүддээ 9.5 тэрбумын төгрөгийн өртэй болжээ.
Одоогоор тэд нэг гегабайт калори дулааны эрчим хүчийг 36.000 мянган төгрөгөөр үйлдвэрлэж байгаа бол өөрийн өртгөөс нь 10 дахин бага үнээр 3900 төгрөгөөр борлуулж байна. Харин цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 202 төгрөг бөгөөд 235 төгрөгөөр борлуулж байгаа аж. Яг Энэхүү хоёр борлуулалтын үнийн зөрүүний ашгаас дулааны эрчим хүчний зардлаа нөхөх замаар ажиллаж байна. Энэхүү тогтоосон үнэ нь ажилчдын цалин, нийгмийн халамж, нүүрсний хэрэглээ, тоног төхөөрөмжийн арчилгаа, шинэчлэл зэрэг зардлыг нөхөж чадахгүй байна. Тус станц 2024 онд 22 тэрбум, 2025 онд 18 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

ДДЦС-ын Ерөнхий инженер Б.Батжаргал:
Эдгээрээс гадна станцад тулгамдаж буй бас нэгэн хүчин зүйл бол ажиллах хүчний хомсдол юм. Угтаа станцын үйл ажиллагааг бүрэн явуулахад 493 хүн ажиллах ёстой ч өнөөдрийн байдлаар 462 хүнтэй ажиллаж байна. Мөн залуу ажилчдын ажлаас гаралт олширсон бөгөөд 70 гаруй хувь нь хангалтгүй цалингийн улмаас гарсан гэх тооцоолол гаргажээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1.673.279 хүн амьдарч байгаа бөгөөд нийслэлдээ амьдардаг хүн амын эзлэх хувь хэмжээгээр бид дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигддэг байна.
Хүн амын төвлөрлийг дагаад авто замын түгжрэл, агаарын бохирдол нэмэгдэх, эрчим хүч, дулааны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гэх мэт дэд бүтцийн даац хэтрэх асуудал үүсэж, энэ нь улмаар нийгмийн бухимдал үүсгэгч гол хүчин болж байна.
Дархан хот бол эрчимтэй хөгжиж буй Монгол Улсын томоохон суурьшлын бүс юм. Тус аймагт сүүлийн гурван жилд 7423 иргэн шилжин суурьшсан нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж байна.
Удирдлагууд их сургууль, яамдыг нүүлгэж, нийслэлийн ачааллыг бууруулах ёстой гэж ярьдаг ч энэ мэтчилэн бүхэл бүтэн хотын дэд бүтэц нь нурж байгаа газар руу хэн явхав дээ.
Ийнхүү Дарханы цахилгаан станц өдөр хоногоо хүлээн суугаа тул цаашдаа тус хотыг эрчим хүч, дулаанаар хангах хоёр дахь эх үүсвэр зайлшгүй шаардлагатай юм. Харин энэ чигээрээ явсаар байвал хэдхэн жилийн дараа л гэхэд тус хотыг харанхуй, хүйтэн угтах нь ээ.
Сэтгэгдэл үлдээх