АНУ-ын цэргийн хүчин Ираны өмнөд хэсэгт цохилт өгсөн талаар АНУ-ын Төв командлал мэдэгдлээ. Энэхүү цохилт нь Ираны дээд албан тушаалтнууд дайныг зогсоох хэлэлцээг үргэлжлүүлэхээр Катарт ирснээс хойш хэдхэн цагийн дараа болжээ.
Тэд Ираны өмнөд хэсгийн боомт хот болох Бандар Аббасын ойролцоох бүсийг онилжээ. Энэ нь Ормузын хоолойн ойролцоо байрладаг Ираны тэнгисийн цэргийн бааз юм.
АНУ-ын Төв командлалын мэдэгдэлд "өөрсдийгөө хамгаалах" зорилгоор цохилт илгээсэн гэжээ.
Угтаа өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп энхийн хэлэлцээрийн ажиллагаа амжилттай байгаа талаар мэдээлснийхээ дараа “яарахгүй хэрэггүй” гэсэн юм.
Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бакай “АНУ-тай хийх хэлэлцээрт багагүй ахиц гарсан ч мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэх хараахан болоогүй" гэж мэдэгджээ. Түүний ийн мэдэгдлийн дараа АНУ-ын арми цохилтоо явуулсан байна.
Иран одоогоор хариу өгөөгүй бөгөөд энэ нь АНУ болон Ираны хооронд байгуулагдах боломжтой хэлэлцээрт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Хэлэлцэж буй харилцан ойлголцлын санамж бичигт гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгах, Ормузын хоолойг нээх болон Ираны цөмийн хөтөлбөрийн төлөвлөгөө зэрэг багтжээ.
Сэтгэгдэл үлдээх