“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац” болголоо

Ц.Чимэдцэеэ
2026-05-27

Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын салбарын цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Үндэсний баялгийн сангийн засаглалыг өөрчлөх зэрэг томоохон шийдвэрүүдийг хэлэлцэн баталжээ.

“Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” бодлогын хүрээнд “Нэг сурагч – нэг компьютер” үндэсний хөтөлбөрийг 2026 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд 2026 оны есдүгээр сар гэхэд 100 мянган "Chromebook", 5 мянган ухаалаг самбар нийлүүлэх бөгөөд 2027 оны хоёрдугаар сард дахин 100 мянган "Chromebook", 5 мянган ухаалаг самбар нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн 2027-2028 онд нийт 300 мянган компьютер, 5500 гаруй ухаалаг самбарыг сургуулиудад нийлүүлэхээр тооцсон байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын сургуулиудад нэг компьютер тутамд 11-12 хүүхэд ногдож байгаа талаар мэдээлж,  төсөл хэрэгжүүлснээр нэг компьютерыг хоёр хүүхэд ашиглах боломж бүрдэнэ гэв.

Нэгж үнийг 1.5 сая төгрөгөөр тооцож, нийт худалдан авалтын дүн 300-350 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа аж.

Санхүүжилтийг төсвөөс бус, Хөгжлийн банкны санхүүгийн лизингийн компаниар дамжуулан 3-5 жилийн хугацаатай санхүүгийн түрээсийн хэлбэрээр шийдвэрлэхээр болжээ. Мөн "Google" компаийн "Chromebook" угсралтын үйлдвэрийг Монголд байгуулах нөхцөлтэй тендер зарлана гэдгийг онцолсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан “туслах багш” платформыг математикийн болон монгол хэлний хичээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Судалгаагаар Монголын 15 настнууд унших чадвар, математик, байгалийн ухааны хичээлээр үе тэнгийн хүүхдүүдээс 5 жилийн хоцрогдолтой, хот хөдөөгийн сургуулийн ялгаа 2-2.5 жилийн зөрүүтэй гарсан талаар дурдав.

Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Эрдэнэс Монгол компанийн бүтэц, засаглалыг өөрчлөх шийдвэр гаргажээ.

Засгийн газар Эрдэнэс Монголын харьяанд буй үр ашиггүй, чиг үүрэг нь давхардсан 10 компанийг татан буулгах чиглэл өгсөн байна.

Шинэчлэлийн үр дүнд:

  • 260 орчим орон тоог оновчтой болгох,
  • захиргааны зардлыг 10 хувь,
  • түрээсийн зардлыг 30 хувь бууруулах,
  • нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцоолсон байна.

Мөн уул уурхайн компаниудын хот дахь төлөөлөгчийн газруудыг цөөрүүлж, уурхай дээрээ төвлөрөн ажиллах чиглэл өгсөн. Төрийн өмчит компаниуд өндөр үнэтэй оффис түрээслэдэг байдлыг зогсоож, төрийн өмчийн сул талбайг ашиглах бодлого хэрэгжүүлэхээр болжээ.

Албаныхан урьдчилсан байдлаар “Зэс боловсруулах цогцолбор” компанийг татан буулгах боломжтой гэж үзэж буйгаа хэлсэн. Тус компани 39 орон тоотой, 4 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж байгаа бөгөөд чиг үүргийг нь Эрдэнэт үйлдвэр өөрөө хэрэгжүүлэх боломжтой гэж тайлбарлав.

Эрдэнэс Монгол компанийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац” болгон өөрчлөх чиглэл өгчээ.

Ингэснээр тус байгууллага уул уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоос илүү хөрөнгө удирдах, олон улсын зах зээлээс хөрөнгө татах, IPO гаргах чиглэлд төвлөрөн ажиллах юм байна.

Албаныхны мэдээлснээр Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд одоогоор 1.6 их наяд төгрөг төвлөрөөд байгаа бөгөөд иргэн бүрийн дансанд дунджаар 500 мянган төгрөг хуримтлагдсан байна. Оны эцэс гэхэд энэ дүнг 1 сая төгрөгт, 2030 он гэхэд 3-5 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ.

Мөн Ирээдүйн өв санд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөөд байгаа бөгөөд хөрөнгийн удирдлагын үр дүнд 290 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын орлого төвлөрүүлсэн талаар мэдээлэв.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллийг бууруулах чиглэлд өөрчлөлт хийхээр болжээ. Одоогоор Эрдэнэс Монгол компанийн ТУЗ 11 гишүүнтэй бөгөөд үүний 6 нь төрийн төлөөлөл, 5 нь хараат бус гишүүн байгаа аж. Цаашид мэргэжлийн уул уурхай, хөрөнгө оруулалтын туршлагатай хүмүүсийг түлхүү ажиллуулах шаардлага тавина гэж мэдээллээ.

“Чингис хаан Үндэсний баялгийн сан корпорац” нь "Эрдэнэс Монгол нэгдэл"-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан бол одоо ийнхүү нэгдэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe