“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн ажиллахаар боллоо

Ц.Чимэдцэеэ
2026-05-27

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг  энэ сарын 5-нд нээлттэй зарласан байна. Ажлын хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), мөн их, дээд сургуулийн багш, судлаачид оролцжээ.

Сонгон шалгаруулалтад нийт 10 нэр дэвшигч материал ирүүлсэн бөгөөд үнэлгээг материалын бүрдэл, мэргэжлийн болон тусгай шалгуур, ярилцлага гэсэн гурван үе шаттай зохион байгуулсан. Холбогдох дүрэм, журмын дагуу явуулсан үнэлгээгээр нэр дэвшигч Б.Тэлмүүн хамгийн өндөр оноо авсан.

Одоогоор Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хүлээн авахаар боллоо.

Б.Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Тэрээр олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн бөгөөд Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна.

2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажилласан. “Оюу толгой”, “Орано” зэрэг төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт оролцож байсан туршлагатай. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe