Ази тивийн шатрын 21 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас 6 дугаар сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Монголын шатрын холбооны тамирчдын амжилт хийгээд манай улсын шатрын спортын түүх, хөгжлийг үнэлж анх удаа Азийн шатрын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон байна. Тэмцээнд дэлхийн шатрын хөгжлөөр тэргүүлэгч ОХУ, БНХАУ, Энэтхэг, Узбекистан, Иран зэрэг 25 орны шатрын элит их мастер, супер их мастерууд тэргүүтэй 300 орчим тамирчид өрсөлдөхөөр мэдүүлээд байна. Мөн Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч болон Азийн болон Герман, Казакстаны шатрын холбооны Ерөнхийлөгчид, нэртэй бизнесмэнүүд, тэрбумтнууд манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарын удирдлага дор энэхүү нэр хүндтэй тэмцээнийг шатрын спортыг дэмжигч төр, хувийн хэвшил болон иргэдийн хамтын оролцоотой зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Эдүгээ дэлхий дахинд 700 сая гаруй хүн шатраар хичээллэж, олон улс орон уг спортыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэн ирээдүй хойч үеийнхээ оюуны хөгжил, үндэсний өрсөлдөх чадварыг дэмжиж байна. Монгол Улс ч энэхүү жишгийг нэвтрүүлэхэд уг тэмцээн бодит түлхэц болж, хүүхэд, залуучуудынхаа хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой үйл явдал хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх