Л.Бадамцэцэг: Төрийн алдаатай бодлогыг хараад гоншигноод суухыг хүсэхгүй байгаа тул “1000 мэргэжилтний нотолгоо” аянаа эхлүүлсэн

Д.Халиунаа
2026-05-28

“Momade Agency” өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 15.000 гаруй хүнийг цахим бичиг үсэгт тайлж, 4000 гаруй ээжүүдийг энэ салбар руу оруулж, одоо AI-powered виртуал менежерүүдээ гаднаас орлоготой болгохоор зорьж яваа ажээ. Харин өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зарласан "Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх" тендертэй холбоотой үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэгийн  сошиал пост олны анхаарал татсан юм. 

Салбарын сайд эмэгтэй маань баруун хойноос ирэхдээ “Хойноо хутгатай” ирнэ гэж байх уу. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны сайдаар эмэгтэй хүн ирэхэд нь битүүхэн баярлаж л суулаа. За технологийн хөгжил айлын амьдрал руу ойртох нь дээ гэж…….

Тус тендерийн тухайд гэвэл "Ухаалаг засаг-2" төслийн хүрээнд зарласан "Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх" хэмээх тендер юм. Эл тендерийн нийт төсөв 7 тэрбум 128 сая төгрөг бөгөөд тухайн онд санхүүжих дүн нь 3 тэрбум 564 сая төгрөг бөгөөд төслийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас гаргах аж. 

Үйл явдлаас хэдхэн хоногийн дараа саяхан ажлаа авсан Ч.Номин сайд “Төр хувийн хэвшлийн ажлыг булааж, платформ булаацалдсан зүйл байхгүй. Намайг сайдаар томилогдохоос өмнө “Ухаалаг засаг” төслийн тендер зарлагдсан байсан. Харин ч дотоодын компаниудаа ялгаварлахгүйн тулд туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжийг нь олгосон” хэмээн тайлбар өгсөн. 

Энэ мэтчилэн манай улсын төр хөлөө олж яваа бизнес эрхлэгчдийг дэмжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн гарааны бизнесийн төлөөлөл гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл болох “Momade Agency” агентлагийн үүсгэн байгуулагчтай Л.Бадамцэцэг ярилцлаа. 

Гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл гэхээр яг юу вэ, агентлагийнхаа талаар тайлбарлаач?

- Бид нар бизнесийн таван салбарт гадаад харилцаа орчуулга, гэрээт нягтлан, сошиал сувгийн хөгжүүлэлт гэх мэт 40 гаруй нэр төрлийн үйлчилгээ үзүүлээд хэдийн зургаан жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд дунджаар 350-500 хүнийг ажиллуулж, нийт 4000 гаруй гэртээ суудаг ээжид гэрээсээ ажиллах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Одоогоор бидний холбосон ажлын мөнгөн дүн нийт 5.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нэг ёсондоо бид ээжүүдийг гэрээсээ ажиллах боломжтой байгууллагуудад зуучилдаг гэж ойлгож болно. 

Яагаад энэ салбарт хүч үзэхээр шийдсэн бэ, түүхээсээ хуваалцвал?

- Би өөрөө дөрвөн хүүхэдтэй ээж байгаа. Өдийг хүртэл янз янзын бизнес эрхэлж уна бүдэрч явсан. Яг 2020 онд би бага хүүхдээ тээж байхдаа ямар нэг юм хийх ёстой юм шиг, нөхөртөө бага ч гэсэн дэм болох ёстой юм шиг гэмшилтэй нүүр тулсан. Яг тэр үед Ковид-19 гарч таарсан. Тэгээд л над шиг бодолтой ээжүүд байгаа юм байна гэдгийг олж хараад  “Momade Agency”-гаа нээж байсан. Ер нь миний бодлоор манай улсын халамжийн систем хэтэрсэн юм шиг санагддаг. Ялунгуяа гэртээ сууж байгаа ээжүүд дээр. Мэдээж ээжүүдийн хувь энэ нь эмзэг сэдэв ч гэлээ өөрөө хөдөлмөрлөж, өөрөө зүтгэвэл гэрээсээ ч хамаагүй ажиллах боломжтой гэдгийг дэлгэрүүлэхийг хүссэн. 

Өнгөрсөн амралтын өдрөөс хойш таны сошиал пост нэлээдгүй хүнд хүрлээ шүү дээ. Тэр талаар яривал?

- Тавдугаар сарын эхээр 7.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх” тендер зарласан байсан. Гол шалгуур нь 1000 хүнийг цахим орчинд ажиллах чадварт сургаж, гаднын зах зээлээс орлого олох байсан. Зургаан жилийн хугацаанд яг энд ажиллаж миний хувьд маш том боломж гэж харсан ч тендерт оролцох шалгуур нь маш өндөр байсан. Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн орлого нь 800.000$ доллар буюу жилд 2.8 тэрбум төгрөгийн орлого олсон компани оролцоно. Тендерийн баталгаа нь үнийн дүнгийн 10 хувь буюу 7 тэрбумын 700.000 саяыг байршуулна гэх мэт. Одоо л хөлөө олж яваа гарааны компанийн хувьд энэ нь ямар ч боломжгүй. Гэхдээ ийм сайхан боломж олгож байхад яаж ийгээд зүтгэе гээд л бас гэгээн бодолтой хүн чинь хамтрах компани хайгаад л, хавь ойрын гайгүй яваа хэдтэйгээ уулзсан байдаг. Гэтэл “та хэдэд энэ тендер зориулагдаагүй ээ. Хэдийгээр энэ салбарт ажиллаж байгаа чинь үнэн боловч энэ бол томчуудын, эсвэл гадаадын мөнгөтэй гаруудын оролцох тоглоом гээд” гээд биччихсэн байсныг нь анзаарсан юм. 

Энэ жишээнээс таны хамгийн эмзэглэж байгаа зүйл юу вэ? 

- Яахав, энэ тендерийг хэн авах нь дараагийн асуудал. Угаасаа заавал манайх авах албатай биш шүү дээ. Яг энэ ажлыг зургаан жил тасралтгүй хийгээд явж байгаа стартапын нүдээр харахад энэ бол яагаад ч 7.1 тэрбум төгрөгөөр хийгдэх ажил биш юм аа. Нөгөө төлдөө Дэлхийн банкны санхүүжилт гээд яриад байгаа юм. Энэ чинь бидэнд зүгээр өгч байгаа мөнгө биш шүү дээ. Буцаагаад бидний, татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Манайх ч гэсэн НӨАТ-ын 10 хувиа төлөх гээд матийгаад явж байна. Гэтэл энэ их мөнгийг ямар ч үр ашиггүй зүйлд зарлагдах гэж байгаа иргэн хүнийхээ хувьд үнэхээр харамсалтай байна. Уг нь тендерийн ажлыг бага зардлаар маш чанартай хийдэг дотоодын компаниуд хэдийн бий болсон шүү дээ. Үүнийг төр засаг олж хараасай, жижиг ч гэлтгүй амьдар гээд ядаж байгаа компаниудаа дэмжээсэй л гэж хүссэн юм. 

Цаашдаа та бүхэн ямар ажлууд хийхээр зорьж байна вэ?

- Анхнаасаа бидний зорилго бол гаднын зах зээлд гарах байсан. Одоо бид үүндээ хүрэхийн тулд өдөр бүр ажиллаж байна. Хөрөнгө оруулагчид тоохгүй, улсын төр нь дэмждэггүй, өөрсдийнхөө хүчээр унаж, босоод явж байгаа бид монголд дампуурахгүй ажиллаж байгаа нь амжилт болчоод байна л даа. Гэхдээ бид мохохгүй зорилгодоо хүртэл ажиллана. Бас дээр гарсан тендерийн эсрэг бид ‘1000 мэргэжилтний нотолгоо” гэдэг аян зохион байгуулаад бужигнаад байж байна. Аяныхаа хүрээнд бид гурван сарын дотор тендер дээр зассан 80 ам.долларыг олж, өөрсдийгөө чадна гэдгээ нотлох гэж байгаа. Яахав, төрийн бодлого алдаатай байж дээ гэж бодоход тэр алдааг нь бид засаж, залруулах хэрэгтэй. Гоншигноод үлдэхийг хүсэхгүй байна. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe