Энэ байдал цаашдаа хэр удаан үргэлжлэх вэ?

Д.Халиунаа
2026-05-28

Өчигдөр буюу лхагва гарагт ХУД-ийн 15-р хорооны нутагт дэвсгэрт харьяалагддаг 120 мянгатын “Цэнгэлдэх” хотхонд галд алдсан. Галыг унтраахаар дөрвөн ангийн 70 гаруй алба хаагч гал унтраах тусгай зориулалтын 27 автомашинтай ажиллаж, галын голомтоос 109 иргэнийг гарган түргэн шуурхай ажиллажээ. 

Гэсэн ч галын голомтод ирсэн гал унтраах машинууд 10-с дээш давхрын айлуудад хүрч ажиллах техникийн боломжгүйн улмаас “өөрсдийн тактикаар” унтраасан гэж албаныхан хэлж байлаа. Тус хотхоны орон сууцууд 23 давхар бөгөөд 20 давхарт гал алджээ. Үүнтэй адил нэг жишээ гэвэл 2024 оны нэгдүгээр сар болсон Дүнжингаравын дэлбэрэлт юм. Энэ үеэр ОБЕГ орон сууцны барилгын есөн давхраас дээш ассан галыг унтраах техникийн боломжгүйг харсан юм. 

"Цэнгэлдэх" хотхоны оршин суугч:

  • “20 давхраас бууж ирлээ. 20 давхарт энэ шат нь хүрэхгүй болохоор доошоо 14 давхар хүртэл аваарын шатаар бууж ирлээ. Бид хэд бол гайгүй буугаад ирлээ. Харин онцгой байдлын хүмүүс их хэцүү харагдсан. Хүчилтөрөгчийн маск нь байхгүй 10 давхарт амьсгаадаад явж чадахгүй байна лээ” (эх сурвалж: NTV шууд дамжуулалт)

Манай улсад хамгийн уртдаа 50 метрийн  автомеханик шат байдаг аж. Гэхдээ энэ нь Эрдэнэт хотод бий. Харин нийслэл хотод хэдхэн сарын өмнө Францын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд  42м урттай автомеханик шаттай болсон байдаг. Барилгын нэг давхрыг гурван метр гэж үзвэл энэ нь хамгийн өндөртөө 14 давхарт хүрч ажиллах чадалтай юм. Нэг жишээ дурдахад манай улстай ижил түвшний хүн амтай  Торонто хот 70м хүртэл сунах чадвартай галын машин хэрэглэдэг байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод өндөр давхар барилгууд асар олноороо сүндэрлэж байгаа билээ. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнгийн мэдээлснээр тус дүүрэгт нийт 10 гаруй мянган орон сууц, барилга байгаагаас 60-с дээш хувь нь 12-оос дээш давхартай барилгууд байна. 

Өнгөрсөн оны байдлаар нийслэл хотод шинээр баригдсан орон сууцны тоо 25.000 давж, түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад 2013 оноос хойш ашиглалтад орсон нийт орон сууцны 82.4 хувь буюу 145,829 нь Улаанбаатар хотод байрлаж байгаа аж.  

Сүүлд гарсан хэдэн жишээнээс дүгнэхэд цаашдаа манай улсын нөхцөлд 20,30 давхар барилгад гарсан галыг унтраахад газрын техникээр тэмцэж чадахгүйг бид харлаа. Тиймээс шаардлагатай шинэ техник технологийг нэн даруй нэвтрүүлэх цаг үе иржээ. Орчин үед өндөр барилга, байгууламжид гарсан гал түймрийг унтраахад нисдэг тэрэг ашиглаж байна. Япон, БНСУ, Сингапур, Малайз зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнууд өндөр барилгад гарсан галыг унтраахдаа Kamov Ka-32, Sikorsky S-64 Skycrane, Bell 412 зэрэг нисдэг тэрэг болон агаараас шүршдэг дронууд ашигладаг байна. Гэхдээ ихэнх орнууд нисдэг тэргийг гал унтраах үндсэн хэрэглүүрээр бус өндөр буюу 20-оос дээш давхар барилгуудад гарсан ноцтой осолд ашигладаг байна. Манайх ч ийн адил дэд бүтцээ сайжруулж, галын аюулд ашиглах өөр систем нэвтрүүлэх хэрэгтэй болов уу. 

Угтаа 12 болон түүнээс дээш давхар барилга нь тусгай өндөр даралтын систем болон галын аюулгүй байдлын нэмэлт баталгаа хангасан байх ёстой гэх мэтчилэн шаардлагыг тавьдаг ч барилгын компаниуд тэр бүрчлэн стандартаа мөрдөөгүйгээс гадна хяналт, шалгалт муу байдаг. 

Сонирхуулахад, иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирүүлсэн 70380 гомдлын ихэнх хувь нь барилга, байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм  зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянах, ажлыг нь зогсоох тухай байжээ. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe