2026 онд 19 байршилд  17.1 км  ус зайлуулах шугам угсарна

.Graph
2026-05-29

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын тавдугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр 20 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 77.5 хувьтай байгааг танилцууллаа.Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 31 байршилд 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээс зургаан байршилд 5415 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж тээвэрлэжээ.

2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна. Үүнээс зургаан байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км  шугам угсарч дууссан. Нэн шаардлагатай ус тогтдог гурван байршилд нэг км шугам угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Авто замын борооны ус зайлуулах шугамуудаас насжилт дууссан, олон жил дагтаршсан лагийг өндөр даралттай тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил 30 хувьтай хийгдэж байна. Энэ онд нийт 63 байршилд 43 км шугамыг цэвэрлэж шугамын хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж ажиллах,
  • Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, танилцуулах,
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах,
  • Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах,
  • Зуслангийн ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах,
  • Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe