Гурван настай хүүхэд гуч гаруй метрийн гүнд хөл алдаж унаад 40 гаруй цаг амь тэмцэж байна. Хөл, гар хугарах яах вэ амьсгаатай амьд л гарч ирээсэй хэмээн Монгол хүн бүр амьсгаа даран мэдээ чагнан сууна. Онцгой байдлын алба хаагчид бүхий л боломжит байдлаар ажиллаж байгаа ч тэдний гарт ердөө молдок, хүрз л олдов. Энэ бол онцгой байдлын салбарт сүүлийн 10 жил тоног төхөөрөмжийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, төсөв ч олигтой суулгадаггүй учраас ямар ядруухан байгаа гэдгийн тод жишээ. Хэдхэн хоногийн зайтай хүний амь настай холбоотой хоёр үйл явдал боллоо. Цэнгэлдэх хотхоны 21 давхарт гарсан галын улмаас оршин суугчид угаартаж цонхон дээрээ хүүхдээ тэвэрч суугаа эмэгтэйг аврах гэсэн ч тэр өндөрт хүрэх тоног төхөөрөмж байсангүй. Удаах нь гурван настай хүүхдийн осол дээр харагдав. Гэтэл яг энэ салбарыг хариуцаж байгаа Шадар сайд нь Казахстан улсад томилолтоор явж байна гэнэ. Ажлаа хийж яваа гэдгийг нь ойлгож болно. Осол аваар гарахыг ч тэр хүн тааж мэдэж чадахгүй. Гэхдээ Бүгд Найрамдах Казахстан улсыг Казахстан ард улс гэж хэнэг ч үгүй гараа кармандаа ш..чхаад хэлж зогсохдоо хариуцсан салбарт нь юу болоод байгааг биш хүмүүст ажилтай явж байна гэдгээ л ойлгуулахыг хүссэн бичлэг цацлаа. Олны эгдүүцлийг ч тэр дор нь хүргэх нь тэр. Засгийн гадна байхдаа арай ондоо юм ярьж зогсдог байсан залуу гишүүн Засгийн газарт орсон хойноо пээдийдэг сайд болж хувиран хоёр нүүр гаргав.
Н.Номтойбаяр өмнө нь нэгэн цагт галыг нь манаж явсан МАН-ынхаа Засгийн газар руу үргэлж чулуу шиддэг байлаа. Сайдын суудал горьдоод байсан юм уу гэхлээр сайдын суудал санал болгосон ч би хүлээж авахгүй, ийм Засгийн газарт би орж ажиллахгүй, Г.Занданшатарын Засгийн газар гэдэг ч цаад эзэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэх мэтээр эсэргүүцээд байдаг. Бүр “Юу ч хийсэн яах вэ сайд л бол болоо гэж гүйж явдаг хямдхан улс төрч би биш” гэж хүртэл хэлж явлаа мань эр. Шоронд хүртэл хийсэн намаасаа авсан шарх нь овоо хүмүүжүүлж дээ гэж бодож байтал Н.Учралын Засгийн газарт шургаад орчихдог шүү. Шүүмжлээд зогсох нь сайн, хамтарч ажиллах нь муу гэж байгаа юм биш. Хамгийн гол нь одоогийн түүний ажиллаж байгаа Засгийн газар ч гэсэн Ерөнхийлөгчийн л Засгийн газар. Н.Учрал нэг их толгойлоод өөрөө бүтцээ зураад байсан юм байхгүй. Тийм учраас түүний итгэл үнэмшилд уг нь харшлаад байгаа юм. Гэсэн ч хэдхэн сарын өмнө хэлж байсан үгээсээ буцан Шадар сайдын албан тушаалаа авчхаад ордон дотор үзэгдэхээ байв. Түүний хэрхэн ажиллаж байгааг хэдхэн өдрийн зайтай болсон галын осол, гурван настай хүүхдийн осол хоёр харуулж байна. Уг нь хамгийн түрүүнд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, арга хэмжээ авах хүн байгаад байдаг. Тэгсэн Казахстан улсаас гараа кармандаа хусчхаад худлаа үнэн бичлэг хийж хандалт авах гэсэн оролдлого хийж байдаг. Таарч дээ тэр бидэнтэйгээ.
Гурван настай хүүхэд осолд орсон нь эцэг, эхийн хариуцлагагүй байдал байж болох ч бүр сөхөөд үзвэл төрийн буруу. Хариуцлагатай уул, уурхай гэж худлаа малгайлдаг мөртөө бодит байдал дээр хаа хаанаа хяналт, хариуцлага муу учраас ийм нөхцөл байдал үүссэн. Бүр сайн ярих юм бол Онцгой байдлын асуудал эрхэлсэн Н.Номтойбаяр руу энэ асуудал чиглэнэ. Сайд болоод хоёрхон сар болж байгааг нь харж үзэж болох ч өрөөнийх нь үүдэнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд Н.Номтойбаяр гэсэн бичиг хадаастай болсон тэр өдрөөс л энэ салбарт гарсан бүхий л асуудлыг толгойгоороо дааж гарах үүрэг ногдсон юм шүү.
Одоо өөрийнх нь хэлснээр Казахстан ард улсаасаа нисэж ирээд гурван настай хүүхдийн ослын газар дээр ажиллаж байна гээд бөөн бичлэг, ярилцлага болж шоудсанаар түүний ажил үргэлжлэх биз ээ гэж...
Улс төрчдөд нэг биш нэлээд хэдэн нүүр байдаг гэдгийн нэг жишээ нь Н.Номтойбаяр юмуу даа.
Сэтгэгдэл үлдээх