Нийслэл хот маань шинэхэн Хотын даргатай болоод удаагүй байгаа билээ. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан нийслэлийн хүүхдүүдэд тулгамдаж буй таван асуудлыг нэрлэж байна. Хүүхдийн эрхийн асуудал гэдэг ганц төрийн удирдах албан тушаалтнаас шалтгаалахгүй. Аав ээж, өвөө эмээ, ах дүү, хамаатан садангаас эхлүүлээд зүгээр л гудамжаар алхаж яваа хүүхэдгүй хүнд ч хамаатай. Гэхдээ нийслэлд хүүхэд өсгөхөд, хүүхдийн эрхийг хамгаалахад зайлшгүй хийх, шийдэх шаардлагатай дараах ажлууд байгааг уламжлах гэсэн юм. Учир нь нийслэлийн нийт хүн амын 38.1 хувь нь 0-18 насны хүүхэд байдаг.
Аюулгүй баймаар, аюулгүй тогломоор байна
2020 оны тавдугаар сард дөрвийн дөрвөн хүүхэд тоглох гэж яваад тогтоол усанд живж амиа алдсан. Үүнээс бид сургамж аваагүй. Дахиад л 2022 онд хоёр хүүхэд, 2023 онд нэг хүүхэд тоглох гэж яваад тогтоол усанд живж нас барсан. Энэ бол манай улсад хүүхэд аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаагийн нэг илрэл. Тоглохдоо хүртэл амь насаа алдаж байна. Үүгээр зогсохгүй Улаанбаатар дахь тоглоомын талбайд эвдрээгүй тоглоомтой тоглоомын талбай гэж байхгүй болсон. Энэ бол хүүхдийн орчинд хамгийн ойроос заналхийлж буй аюул билээ.
Мөн 2025 оны байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Үүнээс сэргийлж эцэг эх, асран хамгаалагч нар school police ч хийдэг. Авто зам гэдэг нийслэлийн хүүхдүүдийн хувьд хамгийн аюултай хэсэг болсон. Зөвхөн машинаас гадна скүүтер, мопедоос унаж бэртэх, дайруулах зэрэг асуудал байсаар байна. Энэ бүхнээс болж жилд 600 гаруй хүүхэд хохирч байгаа гэдэг статистик байгаа ч энэ тооны цаана хичнээн хүүхэд суумгай, хазгар гэх мэт эргэн сэргэхээргүй гэмтэлтэй үлдэж байгааг таашгүй.
Ангидаа чөлөөтэй суумаар байна
Ирэх намар 80 орчим мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Нийслэл нийт 326 хувийн болон улсын сургуультай, нэмээд 43 сургууль ашиглалтад орно. Тэгэхээр 80 мянган нэгдүгээр ангийн хүүхдэд нийтдээ 369 сургууль гээд тооцохоор нэг сургуульд дунджаар 216 хүүхэд сурах болж байна. Нэг бүлэг дунджаар 30 хүүхэдтэй гэж тооцвол 7 бүлэг болж таарах нь. Гэвч ийм ачааллыг дааж чадах сургууль хэр их вэ. Өнгөрсөн намар хүүхдүүд ангидаа багтахгүй нэг ширээн дээр 4-5-уулаа сууж хичээллэж байсан. Нийслэлд улсын сургууль барих төсөв нь байхгүй. Гэхдээ Боловсролын яамтай хамтран зохион байгуулах эрх нь бий.
Хотоо угаагаад өгөөч
Хотоос гараад хотын төв рүү харахаар Улаанбаатар саарал тоосондоо униартан харагддаг. Арай гэж хүйтэн өвлийг давсны дараа хавар ирлээ хэмээн баярладаг ч хотын бохирдлоос болж бяцхан үрс минь өвчнөөс салдаггүй. Энэ хавар л гэхэд бага насны хүүхдүүдийн дунд өндөр халуурдаг томуугийн дэгдэлт, салхинцэцэг, гар хөл амны өвчин хурдацтай тархсан. Айл бүрийн хүүхэд энэ гурвын нэгээр өвдөггүй юм аа гэхэд нус нь гоожоостой явж байна. Тиймээс хотыг зад угаамаар байна. Японы Шинжикү хэмээх газар залуус наргиж, энд тэнд бөөлжиж шөнийн 2-3 цагийн үед “Энэ Япон мөн үү” гэж асуумаар заваан болдог. Харин өглөө метро явж эхлэхтэй зэрэгцэн аж ахуй нэгжүүд шланк татаж, өөрт хамаарах хэсгийг хөөсрүүлж ус гоожуулж угаагаад цэв цэвэрхэн болгодог. Нийслэлийн ААН-үүдийг ийм зүйлд сургахад зохион байгуулах хэрэгтэй байна.
Ядраад байна аа
Түгжрэл зөвхөн томчуудад нөлөөлдөг юм биш. Хотын түгжрэл болон хол зайтай сургууль, цэцэрлэгийн асуудал нь хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд маш их нөлөөлдөг. Хүүхэд өглөө эрт босож, заримдаа 1–2 цаг замд өнгөрөөдөг. Үүнээс болж нойр дутуу, уур уцаартай болж цэцэрлэг, сургуульдаа очихдоо аль хэдийн ядарсан байдаг. Ингэснээр хичээлээ ойлгохгүй, сурлагадаа муудах зэргээр хүүхдийн бие, сэтгэл зүй маш их ядардаг. Тиймээс түгжрэлийг түргэн хугацаанд шийдсэнээр хүүхдүүдийг ядрахаас сэргийлнэ.
Цэвэр агаар амьсгалмаар байна
Утаа бол хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд хамгийн хүчтэй нөлөөлж буй асуудлын нэг. Хүүхдийн уушги, дархлаа, тархи бүрэн хөгжөөгүй байдаг учир том хүнээс илүү эмзэг байдаг. Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгдэж, хатгаа болж байна. Үүгээр зогсохгүй, утаатай учир гадаа тоглохгүй байснаар хөдөлгөөний дутагдал үүсэж, амьсгал давчдаж, тархины хөгжил удааширч байгаа юм. Ийм ирэх өвөл хотын утааг бууруулах арга хэмжээ авахыг хүүхдүүд хүсэж байна.
Сэтгэгдэл үлдээх