“Starbucks Korea” компани “Tank day” хэмээх сурталчилгаанаасаа болж Өмнөд Солонгост томоохон шүүмжлэлд өртөөд буй. Үүний улмаас Шинсэгае компани гүйцэтгэх захирал Сон Жон Хёныг ажлаас нь чөлөөлсөн юм.
Солонгосын ард түмний эмзэг үеийг санагдуулсан Starbucks-ийг ерөнхийлөгч И Жэ Мюн хүртэл хатуу зэмлэсэн юм.
“Tank Day” гэсэн англи үг нь кофены аяга нь танкер шиг их багтаамжтай гэсэн утга агуулж байжээ. Харин “танк” гэдэг үг нь 1980 оны тавдугаар сард Гванжу хотод гарсан ардчилсан тэмцлийг цэргийн дэглэмээр танк ашиглан дарсныг сануулж байна гэж үзжээ. Тэд тус сурталчилгаагаа гаргаснаас хойш хэдхэн цагийн дотор зогсоожээ. Уг нь тус компанит ажил нь тавдугаар сарын 15-26-ны хооронд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан аж.
Ийнхүү “Starbucks Korea” компани сурталчилгаагаа зогсоож, хүлцэл өчин гүйцэтгэх захирлаа огцруулсан ч тэднийг эсэргүүцэх уриалга үргэлжилсээр байна. Нэн ялангуяа 1980 оны бослого гарсан хот болох Кванжу хотод хөдөлгөөн эрчимжиж байна. Өчигдөр буюу даваа гарагийн байдлаар Чипён-дон дахь Starbucks-ийн салбарт хэн ч байхгүй харагдаж байна. Тус салбарын ажилтны хэлснээр ердийн үед үдийн цайны үеэр заал бараг дүүрэн байдаг бол өнөөдөр ердөө долоон хүн орж ирсэн гэв.

Зургийг: The Chosun Daily
Мөн бүс нутгийн иргэний бүлгүүд Starbucks-ын долоон салбарт жагсаал зохион байгуулж, дарга Чун Ён Жинийг огцрохыг шаарджээ. Кванжугийн
Иргэний байгууллагуудын зөвлөлийн бодлогын хорооны дарга Ки Вук Гу "Дарга Чун огцрох хүртэл бид эсэргүүцлээ зогсоохгүй" гэж мэдэгдэв.
1980 оны тавдугаар сарын 18-ны өдөр өмнөд бүсийн Гванжу хотод гарсан иргэдийн бослогыг дарах үеэр олон зуун хүн амиа алдсан байдаг. Энэ үеэр мөн Чон Ду Хваны дэглэмийн цэргүүд иргэдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь сүүлд шалгалтаар тогтоогдож байжээ.

Тиймээс тавдугаар сарын 18-ны өдөр Өмнөд Солонгосын түүхэнд эмгэнэлт өдөр болон үлджээ.

Сэтгэгдэл үлдээх