Төв аймгийн Заамар сумын уурхайн цооногт унасан гурван настай хүүхдийг 59 цагийн дараа гаргасан ч амиа алдсан байв.
Монгол хүн бүр бяцхан зүрх цохилж байгаасай гараад ирээсэй гэж амьсгал чанган хүлээж байв. Гэсэн бяцхан охин томчуудад хариуцлагыг сануулан одсон нь энэ юм.
Хагас жилд 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч болжээ
Он гарснаас хойш хүүхэд холбогдсон 856 гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна. Гэмт хэргийн улмаас хохирсон 935 хүүхдийн
Тодруулбал, 20 орчим хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хулгайлах”, 13 орчим хувь нь “Хүчиндэх”, 9 орчим хувь нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, 8 орчим хувь нь “Залилах”, 5 орчим хувь нь “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, мөн “Дээрэмдэх” гэмт хэргийн хохирогч болсон байна. Хохирсон 935 хүүхдийн 63.5 хувь нь 14-17-ны хүүхдүүд байна. Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд нас барж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.
Энэ бол дайнгүй Монгол улсад хүүхэд хохирч, нас барсан аймшигтай мэдээлэл. Иймээс Заамар болсон хэргийн мөрөөр сайд дарга нар амь орж Ерөнхий сайд тодорхой чиглэл өгснөөр эрсдэлийг илрүүлж аюулгүй болгох ажиллагаа эхэллээ.
Харин 2024 оны эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн нийт эндэгдлийн 85.0 хувь нь өвчнөөр, 15.0 хувь нь осол, гэмтлийн улмаас байна.
Байгаль орчны сайд "Рэдвулкан" ХХК зөрчилтэй ажиллаж байгаа нь одоо л мэдэж гэнэ
Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг хаах, ажилгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж байна. Тодруулбал, бага насны хүүхэд цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан Төв аймгийн Заамар сум дахь "Рэдвулкан" ХХК-ийн MV-015479 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, ЭБАҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт /2026.05.31/ хийлээ.
"Рэдвулкан" ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгжилтийг журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуулын ажил гүйцэтгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Мөн хайгуулын өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж мөрдөөгүй, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зохих зөвшөөрөл аваагүй, хайгуулын ажлын улмаас үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг бүрэн булж битүүмжлээгүй, үүний улмаас хүний амь нас хохирох эрсдэлт нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдоод байна.Хяналт шалгалтын үеэр аврах үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн талбай болон хайгуулын ажлын явцад үүссэн, нөхөн сэргээгдээгүй байсан цооногуудыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хааж, аюулгүй болгож болно.
Ерөнхий сайд Засаг дарга нар ажлаа хийхийг сануулж, икидс цэсээр аюултай орчны мэдээллийг илгээдэг болов
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн цахим хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
-Энэ зуныг хүүхдийн аюулгүй байдлын онцгой хяналтын улирал болгох
-Аймгийн Засаг дарга нарыг хэдэн эрсдэл арилгаж, хэчнээн хүүхдийг осол аваараас хамгаалснаар ажлыг нь үнэлж, урамшуулах
-Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх
-Зуны улиралд сургуулийн спорт заалуудыг чөлөөлж, хүүхдүүддээ нээлээ
-Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах
-“E-Mongolia”-гийн “Эрсдэл мэдэгдэх" цэсээр хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийг мэдээллэж хэвших
-өнөөдрөөс Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгох тохижилтын ажил эхлүүлэх
-Эрсдэлт бүх зөрчлийг арилгах улсын үзлэгийг эрчимтэй үргэлжлүүлэх
-Эрсдэлт бүлгийн хүүхдийг бүртгэлжүүлэх ажлыг “E-kids” цэсээр шийдэх, ахмадуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудад хяналт тавьж, эрчимжүүлэх үүргийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин нарт даалгав.
Аймаг, нийслэл, сум дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлүүдийг бүртгэлжүүлж, зураглал гаргаж, эрэмбэлж, тодорхой хугацаанд арилгах төлөвлөгөө боловсруулна. Энэ ажлыг тайлангаар биш үр дүнгээр хэмжинэ. Хэдэн хуудас тайлангаар биш хэдэн эрсдэл арилгаснаар уралдуулж, ажлыг нь урамшуулна.
Иргэдийн оролцоонд тулгуурласан эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгож байна. “E-mongolia” платформ болон “E-kids” цэсээр дамжуулж хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй асуудлыг мэдээлдэг болно. Үүнийг нь холбогдох байгууллагууд хугацаанд нь шийдвэрлэж, хэдэн эрсдэл арилгаснаар ажлаа үнэлүүлнэ.
Хотын шинэхэн дарга бүхий л зөрчлийг арилгана гэж бардам амлав
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: Хот хүүхдэд аюул учруулдаг эрсдэлт бүс болсон олон харамсалтай хэрэг өмнөх жилүүдэд гарч байсан. Цаашдаа ийм хэрэг гаргахгүйн тулд хичээн ажиллах болно. Хотын бүх хэсэгт байгаа ил цахилгааны утас, нүх, тогтоол ус гээд эрсдэлт бүхнийг арилгах ажлыг эхлүүлснээс хойш иргэд маань гар утсаараа маш олон мэдээлэл ирүүллээ.Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НЗДТГ хамтраад бүх зөрчлийг арилгана. Ерөнхий сайд Н.Учралын “Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн бол заавал хий” урилгыг хотод өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Иргэн бүхний ирүүлсэн гомдол саналын араас ажиллаж, зөрчлийг арилгаж эргэж мэдээлнэ
Казакстанаас яаран ирж шадар Н.Номтойбаяр сайд шороогоо канистраас зөөхгүй өөр яах юм гэж хэлэгнэв
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ. Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах даалгавар өглөө. Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” гэв.
Ийнхүү дээр доргүй хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол хийх хэрэгтэй гэсэн санаачлага өрнөлөө. Харин бодит биелэл нь ямар байхыг харах л үлдэж байна.
Сэтгэгдэл үлдээх