Дуа Липагийн гэрлэлтээ батлуулсан танхимд ямар алдартнууд гэрлэж байв

Д.Халиунаа
2026-06-03

Поп од, дуучин Дуа Липа ням гарагт Лондоны "Old Marylebone Town Hall"-д Английн жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэлтээ бүртгүүлж, олны нүд, чихийг баясгалаа. Хосууд хуримын ёслолоо Италид гурван хоног тэмдэглэхээр төлөвлөжээ. 

Тэдний гэрлэлтээ батлуулсан тус байгууламж нь өдгөө 106 жилийн настай юм. "Old Marylebone Town Hall" нь гэрлэлт бүртгэх болон боловсролын төв хосолсон байгууламж, нэг ёсны захиргааны байр аж. 

1914-1920 онд Английн архитектор Сэр Томас Эдвин Купер Их Британийн хаан VII Эдвардын үеийн архитектурын хэв маяг болох “Эдвардын Барокко” дизайныг сэргээн тус байгууламжийг бүтээжээ. 

Энэхүү гайхалтай бүтээлийг 1920 оны гуравдугаар сарын 27-нд хунтайж Альберт албан ёсоор нээсэн аж.. "Old Marylebone Town Hall"-д  хамгийн сүүлд 2018 онд засвар хийсэн бөгөөд  бүх цаг үеийн олон алдартнууд тус газраар хайр сэтгэлээ гэрчлүүлж байжээ. 

  • Пол Маккартни, Линда Ийстман

“Beatles” хамтлагийн дуучин Пол Маккартни зохиолч эхнэртэйгээ 1969 оны гуравдугаар сарын 12-нд хуримаа хийсэн нь тус байранд хийсэн хамгийн алдартай хуримын нэг билээ. Харин Линдаг нас барсны дараа Пол Маккартни бизнес эрхлэгч Нэнси Шевеллтэй дахин уг танхимд гэрлэсэн байдаг. 

  • Ринго Старр, Барбара

Тус танхимд гэрлэсэн “Beatles” хамтлагийн хоёр дахь гишүүн бол Ринго Старр юм. Тэрээр 1981 оны дөрөвдүгээр сарын 27-нд эхнэр болох жүжигчин Барбаратайгаа гэрлэлтээ баталгажуулсан байдаг. 

  • Мелани Гриффит, Антонио Бандерас 

Холливудын одод 1996 оны тавдугаар сарын 14-нд Атлантын далайг гатлан ирж, ​​"Old Marylebone Town Hall"-д хуримласан. 

  • Лиам Галлахер, Пэтси Кенситтэй

Oasis хамтлагийн гоцлол дуучин Лиам Галлахер 1997 оны дөрөвдүгээр сарын 7-нд жүжигчин Пэтси Кенситтэй гэрлэсэн байдаг. Гэсэн ч хосууд салснаас 11 жилийн дараа  Лиам Галлахер дуучин Николь Эпплтонтой тус танхимд чимээгүйхэн гэрлэсэн байдаг. 

  • Шон Бин, Жоржина Сатклифф

"Game of Thrones" киноны жүжигчин Шон Бин 2008 оны хоёрдугаар сарын 19-нд "A Dark Reflection " киноны жүжигчин Жоржина Сатклиффтэй гэрлэжээ.  


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe