Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн шүлхий өвчин дэгдлээ

.Graph
2026-06-03

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий Ховд аймгийн Булган, Үенч суманд шинэ төрлийн САТ-1 хэв шинжээр үүсгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдлоо. 

Өчигдөр буюу мягмар гарагийн байдлаар Ховд аймгийн Булган суманд голомтын тоо нэмэгдэж, нийт 99 мал өвчилжээ. Харин Үенч суманд 78 мал өвчилжээ. Ингээд улсын хэмжээнд нийт 700 орчим малд шүлхий өвчин тархсан байна. 

Уг өвчин өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй бөгөөд Африкт гардаг өвчин байжээ. Мөн хойд, урд хоёр хөршид гардаг төрлийн хэв шинж бөгөөд БНХАУ-аас хил дамнан орж ирсэн байх магадлалтай гэж таамаглаж байна. SAT1 шинэ хэвшил нь Ирак, Кувейт, Турк, Египет, Азербайжан улсуудад тархсанаас гадна БНХАУ-ын Шинжаан аймагт энэ оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. 

Манай улс өнөөдрийн байдлаар энэ төрлийн шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцингүй тул өвчлөлийн тархалт нэмэгдэх аюултай байна. 

Харин Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 615 толгой мал, амьтныг устгалд оруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe