7 их наядын зардалтай Орон сууцжуулалтын банк: 3 дахь хүн чинь байя

Ц.Чимэдцэеэ
2026-06-03

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэний дунд Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны (ОСББ) тухай анхдагч хуулийн төсөл багтсан.

Засгийн газар, Монголбанк хоёр хамтран энэ санаачилгыг дэвшүүлж буй боловч 7 их наяд төгрөгийн зардал, институцийн давхардал, Монголбанкны хүлээх эрсдэл зэргийг ярихгүй байна.

Шаардлага

Ипотекийн 6 хувийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын мэдээлснээр 10.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн үр дүнд 140 гаруй мянган өрх орон сууцтай болжээ.

Тэгвэл Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулснаар "урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах" зэрэг зорилготой хэмээн хууль санаачлагч үзэж байна.

Гэвч манай улсад аль хэдийн дээрх асуудлыг хариуцаж буй Монголбанк гэх төрийн нэгж, Монголын ипотекийн корпораци(МИК) ХК гэсэн хоёр ч байгууллага байна.

7 их наядын зардал ба эрсдэл

Монголбанкны боловсруулсан зардлын тооцооны тайланд нийт гурван шатны зардлыг дурдсан байна.

Нэгдүгээрт

Төрийн байгууллагын анхны хөрөнгө оруулалт буюу анхны дүрмийн санг бүрдүүлэхэд 200 тэрбум төгрөг.

Хөрөнгийн зорилтот хэмжээ 6 их наяд төгрөгийн 3.3 хувьтай тэнцүү байгаа нь санхүүгийн хэвийн зарчимд нийцэхгүй.

АНУ-ын ижил төстэй банкууд нийт активынхаа ердөө 1-3 хувийн хүрээнд дүрмийн сантай ажилладаг байсан.

100 долларын 2-3 доллар өөрийн хөрөнгөөр үлдсэнийг зээл болон баталгааны үүргээр санхүүжүүлж байсан гэсэн үг.

Улмаар 2008 онд орон сууцны зах зээл унаж, ипотекийн зээлийн алдагдал нэмэгдэхэд нөөц нь тэр даруй дууаж дампуурлын ирмэгт хүрч байв.

Одоогоор Монголын санхүүгийн зах зээл гүехэн, бондын зах зээл хөгжөөгүй, гадаад хөрөнгө оруулалтын хамаарал өндөр байгаа орчинд олон улсын санхүүгийн байгууллагууд дор хаяж 8-10 хувийн өөрийн хөрөнгийн харьцааг зөвлөдөг.

Энэ нь дор хаяж 480 тэрбум төгрөгийн дүрмийн сан шаардлагатай гэсэн үг.

Хоёрдугаарт

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийг ОССБ-нд шилжүүлэхэд Монголбанк 5 жилийн хугацаанд 2.5-9.0 их наяд төгрөгийн нэрлэсэн дүн бүхий ОССБ-ны бондыг эзэмших.

Монголбанк алдагдал хүлээж болзошгүй хувилбараар жилд 365 тэрбум, 5 жилд 1.8 их наяд төгрөгийн " алдагдал" үүснэ гэж тооцоолсон байна.

Монголбанкны хуримтлагдсан алдагдал эцсийн дүндээ улсын төсөв, өр зээлийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд урьд нь анхааруулж байсан.

Хэрэв ОССБ-ны бонд зах зээлд сайн байршихгүй бол уг алдагдал бодитоор үүсэх аюултай.

Гуравдугаарт

ОССБ-ны жилийн урсгал зардал 915.5 сая төгрөг. 19 орон тоотой байгуулах ба 9 нь ТУЗ-ийн гишүүн, 10 ажилтантай байх юм.

Нэг сарын цалингийн зардал 31,121,000.00 буюу 2.2-2.5 сая төгрөг байна. Бусад нь оффиссын түрээс, тоног төхөөрөмж зэрэг зардал байна.

Институцийн давхардлын асуудал

Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн чиг үүрэг хэдийнээ олон давхаргад хуваагдан ажиллаж байна.

Монголбанк ипотекийн хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд удирдаж ирсэн. МИК  хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны гаргаж, дахин санхүүжүүлж буй. Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК гэж байсан ч үр дүнгүй ажилласан тул Төрийн орон сууцны корпорацид нэгтгэгдсэн гашуун туршлага ч бий.

Бондын зах зээл

ОССБ зах зээлд амжилттай бонд гаргана гэсэн таамаглал дор тооцоо хийснийг дээр дурдсан. Гэтэл жилийн 2.25 хувийн өгөөжтэй бондыг 20 жилийн дараа ашгаа авна гэж хүлээхээс илүүтэй арилжааны банканд 12 хувийн хүүтэй хадгаламж нээлгэсэн нь хөрөнгө оруулалтын хувьд ашигтай.

Ийм нөхцөлд хэн дээрх бондыг худалдан авах вэ гэдэг бол асуудал.

Тэгээд ч  бонд гаргахын тулд тулд Засгийн газрын баталгаа зайлшгүй хэрэгтэй. Баталгаа гаргавал улсын өр, дарамт нэмэгдэх эрсдэлтэй. 

Эцэст нь

Өнөөдөрхөн ТОСК иргэдийг залилангаас сэрэмжлүүлсэн байна. Энэ бол төрийн оролцоотой нэгжүүд ар өврийн хаалгаар иргэний ажил бүтээдэг сэтгэлгээ бат хөгжсөнтэй холбоотой. Мөн манай улс авлигын индексээрээ сүүл мушгин буй ч үүнтэй холбоотой.

Ийм нөхцөлд хамаарах асуудлаар хоёр ч байгууллага байсаар атал дахин гурав дахийг нь байгуулах гэж байгаа Засгийн газартаа Киви хамтлагийн "Бидний дурлал" цомгийн “Хоёр дахь хүн чинь баймааргүй байна” дууг “Гурав дахь” гэж өөрчлөн зориулъя.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe