"Зөөвч-Овоо” ураны газар доор уусган олборлох төслийг нээлээ

Ц.Чимэдцэеэ
2026-06-03

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Далан түрүү багт хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” ураны газар доор уусган олборлох (ГДУО) төслөө нээжээ.

Энэ нь Монгол, Франц улсуудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй, уран олборлох, боловсруулах томоохон төсөл юм.

Төслийг Францын "Орано" групп болон Монголын "Мон-Атом" ХХК-ийн хамтарсан “Бадрах Энержи” ХХК хэрэгжүүлж байна.

ГДУО нь байгаль орчин, тэр дундаа газрын гадаргуу болон гүний усанд үзүүлэх нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог дэвшилтэт технологийг ашиглаж байгаа гэсэн үг.

Өмнөх үйлдвэрлэлийн туршилтуудаар байгаль орчинд сөрөг нөлөө ажиглагдаагүй болох нь тогтоогдсон.

2026 оны дөрөвдүгээр сарын сүүлээр “Бадрах Энержи” ХХК нь төслийн хүрээнд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг дотоодын “Моннис Инженеринг” ХХК-тай байгуулж, бүтээн байгуулалт, төслийн нээлтийн ажлууд шат дараатай идэвхжиж эхлээд байна.

Төсөл бүрэн хэрэгжиж эхэлснээр жилд 2,500 тонн уран олборлож, Монгол Улсын эдийн засаг болон орон нутгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт, татвар төвлөрүүлэх хүлээлттэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe