УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг сонголоо

Ц.Чимэдцэеэ
2026-06-03

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтжээ.

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болов.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.

УДШ-ийн шүүгч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 

Боловсрол

1994–1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Мөн хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.

Ажил мэргэжлийн туршлага

  • 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Ц.Цогт шүүгч Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авснаар тэнцэж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe