Жүжигчин Норман Рийдус манай улсад мото аяллаар ирсэн байж магадгүй гэв

Ц.Чимэдцэеэ
2026-06-04

"The Walking Dead" (Амьд үхдэлүүд) цувралын Дэрил Диксоны дүрээр дэлхийд алдаршсан Холливудын жүжигчин Норман Рийдус (Norman Reedus) Монгол Улсад ирсэн байж магадгүй талаар "Moviebox" суваг мэдээлжээ.

Норман Рийдус өөрийн албан ёсны инстаграм хуудас болох @bigbaldhead дээрээ Монгол улсын Төрийн далбаа намирч буй бичлэгийг стори болгон байршуулснаар ийнхүү таамаглах болсон байна. Уг сторидоо "The Rolling Stones" хамтлагийн "She's a Rainbow"  дууг оруулжээ.

Жүжигчин Монголд ирсэн зорилгоо албан ёсоор зарлаагүй байгаа ч шүтэн бишрэгчид болон соёл урлагийн хуудсууд мотоциклын аялалаар ирсэн байх хэмээж байна.

Учир нь Норман Рийдус бол мотоциклын улаан хоббитой бөгөөд "AMC" сувгаар түүний хөтөлдөг "Ride with Norman Reedus" хэмээх мото-аяллын баримтат шоу нэвтрүүлэг байдаг.

Монголын өргөн уудам нутаг, байгалийн сайхан нь мотоциклоор аялагчдын диваажин гэгддэг тул тэрээр уг нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг бэлтгэхээр эсвэл хувийн сонирхлоор мото аялал хийхээр ирсэн байх өндөр магадлалтай юм.

Түүнийг Монголд ирсэн сургаар дотоодын сошиал хэрэглэгчид, ялангуяа "The Walking Dead" цувралын үнэнч фэнүүд нь маш ихээр догдолж, баяртай байгаагаа илэрхийлсээр байна.

Хөгжүүн сэтгэгдлүүдээс:

"Төрийн ордны хэдэн зомби дээр оруулахгүй яав аа, зомби цөөлөх нь" хэмээн зомби ангуучилдаг дүртэй нь холбон хошигнож байна.

Норман Рийдус 1969 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Флорида мужид төрсөн. Жүжигчин болохоосоо өмнө  Японд амьдарч, урлагийн бүтээл туурвиж, "Harley-Davidson" мотоциклын дэлгүүрт засварчнаар ажиллаж байжээ.

Өвөрмөц, нууцлаг төрхөөрөө алдартай ба Prada, Hugo Boss, Levi's зэрэг дэлхийн брэндүүдийн нүүр царай болж, загвар өмсөгчөөр ажиллаж байв.

Анхны том дүр нь 1999 оны "The Boondock Saints" (Гэгээнтнүүд) хэмээх шүтлэгт (cult) киноны Мерфи МакМанусын дүрээр нь кино сонирхогчид анх нүдэлж авсан.

Харин дэлхийн хэмжээний супер од болгосон дүр бол гарцаагүй "The Walking Dead" (Амьд үхдэлүүд) цувралын Дэрил Диксон (Daryl Dixon) юм.

Анх киноны зохиолд Дэрил Диксон гэж дүр байгаагүй бөгөөд Норман өөр дүрийн сонгон шалгаруулалтад оржээ. Гэвч түүний жүжиглэлт, өвөрмөц байдал найруулагчдад  таалагдсан тул түүнд зориулж "Дэрил"-ийн дүрийг шинээр бүтээсэн түүхтэй.

Цуврал дээр түүний барьдаг гол зэвсэг болох арбалет (нум сум) болон унадаг мотоцикль нь түүний нэрийн хуудас болсон.

Үндсэн цуврал дууссаны дараа ч түүний дүрийн нэр хүнд буураагүй тул түүний гол дүрийг нь бүтээсэн "The Walking Dead: Daryl Dixon" хэмээх бие даасан цуврал одоо ч үргэлжлэн гарч байна.

Норман Рийдус бол амьдрал дээрээ ч байнгын мотоцикль хөлөглөдөг, улаан хоббитон юм.

Зөвхөн кино гэлтгүй видео тоглоомын ертөнцөд ч алдартай. Суут тоглоом бүтээгч Хидео Кожимагийн бүтээсэн "Death Stranding" (2019) тоглоомын гол дүр болох Сэм Портер Бриджесийн дүр төрх, дуу хоолой, хөдөлгөөнийг Норман Рийдус өөрөө бүтээжээ.

Мөн зурагчин, барималч, уран зураач хүн юм. Гэрэл зургуудаараа хэд хэдэн бие даасан үзэсгэлэн гаргаж байжээ.

2005 онд Германд автомашины хүнд осолд орж, зүүн нүднийхээ ухархайн ясыг титан хавтангаар орлуулах хагалгаанд орж байсан. Алдарт жүжигчин Диана Крюгер (Diane Kruger)-тэй хамтран амьдардаг бөгөөд тэд нэг охинтой. Мөн урьдын харилцаанаас нь төрсөн Мингус хэмээх загвар өмсөгч хүүтэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe