Явган замаар скүүтер, мопед явахыг хориглох хууль баталлаа

.Graph
2026-06-04

УИХ-ын гишүүн Б.Батчимэг санаачилж, Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гүйцээн боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа.

Уг өөрчлөлтөөр явган хүний замаар скүүтер, мопедыг зорчуулахгүй, сурроныг зэргийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох юм.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд, иргэд түрээсийн цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүүтер, мопед, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж, зам тээврийн осолд өртөж өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалын хохирол учруулах, бусдын эрүүл аюулгүй орчинд зорчих эрх зөрчигдөөд байсан бөгөөд хуулиар эрх олгоогүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэр бүхий 6 хуулийн этгээдэд түрээсийн үйлчилгээ эрхэлж, хөдөлгөөнд оролцуулах, талбай ашиглах гэрээ байгуулж үйл ажиллагааг зөвшөөрсөн нь нийслэл хотод их хэмжээний бүртгэлтэй болон бүртгэлгүй скуүтер, мопедыг насанд хүрээгүй бага насны хүүхдүүд болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй иргэд ашиглаж байсан.

Замын цагдаагийн газраас 2026 оны 05 сарын байдлаар гаргасан статистик мэдээллээр сүүлийн нэг жилийн хугацаанд скүүтер, мопед, сурронтой холбоотой ослоор гэмтэж хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 35%-иар өссөн бөгөөд 80% нь насанд хүрээгүй хүүхэд байна. Үүнд:

  • 2025 онд Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 94 хэрэг зөрчил. 
  • 2026 онд буюу хөдөлгөөн эхэлснээс хойш 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сар хүртэл: Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгсэлтэй холбоотой 124 хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Үүнийг таслан зогсоох, хуулийн дагуу болгох үүднээс Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387, 2026 оны “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжийг тус тус хянаж, хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулан түрээсийн мопед болон скутерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох, зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай” хуульд нийцүүлэх, 18 насанд хүрээгүй иргэн ашиглах боломжгүй болгох, явган хүний замаар зорчуулахгүй тохиргоо тохируулга хийх, бүрэн бүртгэлжүүлэх, “Замын хөдөлгөөний тухай” хуульд заасан аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа үйл ажиллагаа явуулах талаар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулах болсон байна. 

Авлигатай тэмцэх газрын хариу болгож, нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжуудыг 2026.06.02-ний өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe