УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы индэр дээрээс нийт 24 сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаар барьж, хорьсон гэв.
Тэрээр энэ талаар "Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, өөрсдийгөө магтуулж байгаагаараа вакумжиж болохгүй. Сэтгүүлчдийн асуудлыг УИХ дээр ярих цаг болсон. Тэднийг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаар бүгдийг нь барьсан байна. 24 сэтгүүлчийг барьж хорьчхоод өнөөдөр өөрсдийгөө ардчилсан парламент гэж ярьж болох уу. Би Эрүүгийн хууль, цагдаагийн мөрдлөгөд орж чадахгүй. Харин бидний баталсан Эрүүгийн хууль цоорхойтой байгаад, эсвэл хууль хэрэгжүүлэхдээ нугалаа гаргаж байгаа бол хуулиа эргэн харж, хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг эргэн харж, энэ цоорхойгоор ард түмний мэдээлэл авах эрхийг хумьж байгааг анхаарах хэрэгтэй" гэлээ.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Сэтгэгдэл үлдээх