NEWSROOM.MN сайтын эрхлэгч сэтгүүлч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номинг Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар өнгөрсөн оны 11-р сард хандсан байдаг.
Тэрээр "АТГ-т 2025 оны 11-р сарын 14-ний өдөр иргэн Б.Батцэцэгээс УИХ-ын гишүүн Ч.Номин ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байх хугацаандаа Засгийн Газраас тодорхой шийдвэр гараагүй байхад гадаад улсын хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулсан зэрэг гомдлыг гаргасан. Тухайн гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2025 оны 12-р сарын 3-ны өдөр АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар тус хэрэгт холбогдуулан 10 орчим хүнээс гэрчийн мэдүүлэг аваад байна. 20 орчим цахим болон бусад төрлийн эд зүйлд үзлэг, шалгалт хийжээ. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудаас холбогдох бичиг баримт, лавлагаа зэрэг бусад бичиг баримтыг хэрэгт нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаж байна. Мөн тус хэрэгт холбогдуулан гадаад улс руу Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг АТГ-аас гаргасан бөгөөд Прокурорын байгуулагад хянагдаж байна. Тухайн шийдвэр гаргахад оролцсон, гарын үсэг зурсан зэрэг албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан. Баримт бичиг, эд зүйл болон тухайн гомдол гаргасан иргэний өөрийнх нь өгсөн видео зэрэгт үзлэгийн ажиллагааг хийсэн" гэв.
Анхаарал татаж байгаа асуудал нь хөлбөмбөгийн "Fulham" багтай хийсэн гэрээ. Гэрээний дүн нь 1,190,000 фунт стерлинг. 2025 онд гэхэд шилжүүлэх үүрэгтэй 360,000 фунт стерлинг, 2026 онд шилжүүлэх 830,000 фунт стерлинг буюу 4.1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгах шаардлагатай байгаа тухай, мөн үүнээс үүдэлтэй Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхэд дуудагдсан гэдгийг аравдугаар сарын 27-нд Соёлын сайд асан Ч.Ундрам мэдээлсэн. Судалж үзвэл "Fulham" багийн хаалгач долоо хоногийн 165,000 ам.долларын цалинтай. Энэ хүний цалинг Монголын эмч, багш нарын төлдөг татвараас өгөн байх нь гэж харагдахаар дүр зураг үүсэж байна" хэмээн мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх